Улаанчулуутад шатсан машинаас цустай тоосго олджээ
Энэ сарын 15-ны орой Дорнод аймгийн иргэн 55 настай М.Баярцогт гэрээсээ гараад ор сураггүй алга болж, харин түүний унаж явсан “Мitsubishi dingo” маркийн 38-98 ДОР улсын дугаартай автомашин нь шатсан байхыг олсон. Тодруулбал, Цагдаагийнхан эрэн сурвалжилж, Сонгинохайрхан дүүргийн 26 хороо, Улаанчулуутын хогийн цэгээс нэгдүгээр сарын 16-ны 07.00 цагийн үед түүний автомашин шатсан байсныг олсон юм. Шинжээчид машиныг дэлбэрээгүй, дотроос нь зориудаар шатаасан байна гэх дүгнэлт гаргасан бөгөөд уг машины жолооч одоог хүртэл олдоогүй байна.
Ор сугаггүй болсон М.Баярцогт нь цагаан сарынхаа бэлтгэлийг базаах, шинэ машин авахаар Улаанбаатарт ирээд байсан гэнэ. Уг хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Улаанчулуутын хогийн цэгээс шатсан машин олдсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийн газрын үзлэг хийхэд шатсан машинд хүн байгаагүй. Гэхдээ машиныг гаднаас нь галдан шатаасан нь тогтоогдсон. Лавшруулан үзлэг хийхэд арын суудлаас цус болсон тоосго олдоод байна. Автомашины эзэн хаана байгаа нь тодорхойгүй учраас цус хэнийх вэ гэдгийг одоогоор тогтоох боломжгүй. Өнөөдрийг болтол ямар нэг сэжүүр гараагүй байна” гэлээ. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг сэжигтнээр татан цагдан хорьсон байна. Тэднийг шалгаснаар гэмт хэрэгт холбоотой эсэх нь тодорхой болох ажээ. Харин М.Баярцогтын том хүү Б.Нямдорж аавыгаа амьд мэнд байгаасай гэсэндээ фэйсбүүк хуудсаар дамжуулан бусдаас тусламж хүссээр байна.
Дашрамд дуулгахад, уг хэргийг илэрүүлэхэд ач холбогдолтой мэдээллийг цагдаагийн байгууллага үнэлж худалдаж авах бөгөөд нууцыг чандлан хадгалахаа мэдэгдээд буй. Тиймээс уг хэргийн талаарх мэдээллээ 102, 98110080, 93021046, 93021043, 96092191 дугаарын утсанд өгөх боломжтой юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ