
АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол өнөөдөр Вашингтонд болно. Энэ арга хэмжээ америкийн Конгрессын шатан дээр болох бөгөөд мөн нийслэлийн төвд парад, баярын олон арга хэмжээ болох юм.
Обама өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон билээ. Үндсэн хуульд оруулсан 20 дахь засварын дагуу 44 дэх ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний хугацаа нэгдүгээр сарын 20-ны үд дундад дууссан юм. Энэ жил нэгдүгээр сарын 20-нд ням гариг таарч, төр, засгийн байшууллагууд ажиллагаагүй юм. Ийм тохиолдолд ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч ням гаригт эхлээд явцуу хүрээнд тангараг өргөсөн бөгөөд харин өнөөдөр нийт ард түмэндээ тангараг өргөнө. Өнөөдөр тэднийг тангараг өргөхөд 800 мянган хүн уг ёслолыг харахаар цугларах төлөвтэй байна. Тангараг өргөх ёслолыг УБ-ын цагаар нэгдүгээр сарын 22-ны шөнийн 02 цагт эхлүүлэхээр товложээ.
Тангараг өргөх ёслолд зориулан концертын хөтөлбөр бэлтгэсэн байна. Цугларагсдын өмнө цэргийн найрал хөгжим, хүүхдийн найрал дууны чуулга, эстрадын нэрт дуучид дуулж, хөгжимдөнө. Орон нутгийн цагаар 14.30 минутын орчимд (УБ-ын цагаар нэгдүгээр сарын 22-ны өглөөний 04 цагийн орчим) Капитолийн дэргэдээс эхлэх парад нь төгсгөлийн арга хэмжээ болж, гурван цаг орчим үргэлжлэх ажээ. Обама, дэд ерөнхийлөгч Байден нар эхлээд энэ арга хэмжээнд өөрсдөө оролцож, дараа нь Цагаан ордны дэргэд зассан тусгай талбайгаас жагсаалыг ажиглана. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өмнөхийнхөөс хямд төсөр байх болно гэж шинжээчид үзэж байна. 2009 онд Вашингтон төвд энэ ёслолыг тэр үеийн тоо баримтаар 1,6-1,8 сая хүн ажиглажээ.
Вашингтон хотод аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн арга хэмжээ авсан байна. Цагдаа болон Үндэсний гвардийн нэмэлт ангиудыг нийслэлд татан авчирчээ. Хууль сахиулах янз бүрийн байгууллагын 20 мянга орчим төлөөлөгч хэв журам сахиулах юм байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ