Х.Тэмүүжин: Мөнгө угаасан гэмт бүлэглэлийг илрүүлсэн
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдон үүсээд буй нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
МАХН-ын байранд ээжүүд өлсгөлөн зарлаад цөөнгүй хонож байгаа. Харин тэдний тавьж буй шаардлагын хуульд нийцсэн хэсгийг нь биелүүлсэн тул өлсгөлөнгөө зогсоохыг Хууль зүйн сайд мэдээллийнхээ эхэнд уриалав.
Х.Тэмүүжин сайд хэлэхдээ “Тодорхой ойлголтыг өгөх хэрэгтэй болоод байна. Юу болоод байгаа, үүнд ямар арга хэмжээ авч байгаа талаар ард иргэдэд тодорхой мэдээлэл хэрэгтэй болж байна. Сүүлийн арваад хоногийн дотор УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлагаар хуулийн байгууллагуудад нэлээд шалгалт явагдлаа.
Шалгалтын үр дүн нэг талаас харахад хүний эрхийг хамгаалсан мэт, нөгөө талаас хэн нэг хувь хүнд зориулагдсан юм шиг байгаа. Н.Энхбаяр гэдэг хүнийг суллуулах, эмнэлэгт хэвтүүлэх шаардлага тавьж цөөнгүй эх өлсгөлөн зарлаад байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэр дундаа хорих ял эдлүүлж байгаа байгууллагад аль нэг намын дарга Н. Энхбаяр, эсвэл гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэх ойлголт байхгүй. Харин шүүхээс ял явсан ялтан Н.Энхбаяр гэдэг ойлголт бий. Шүүхийн бүх шатандаа Н.Энхбаярын иргэний давж заалдах эрх бүрэн хангагдаад Дээд шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай гэдэг нь тогтоогдон ял эдлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдэж ирсэн. Улмаар Монгол Улсад ял эдэлж байгаа 7000 гаруй хоригдлын нэгэн адил ялээ эдэлж байна" гэв. Тэрбээр цааш нь МАХН-ын байранд, тэдний намаас зохион байгуулсан үгүйг мэдэхгүй, нэр бүхий хүмүүс өлсгөлөн зарлаж байгаа. Шаардлага нь ялтан Н.Энхбаярыг Хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэх, Н.Энхбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шоронгоос суллах тухай байсан. Гэхдээ энэ талаар Хуульзүйн сайдад хаяглагдсан албан ёсны бичиг одоог хүртэл ирүүлээгүй байгаа гэдгийг хэлье гэв.
Өлсгөлөн зарласан эхчүүдийн хувьд тавьж буй шаардлагууд нь биелүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Хууль зүйн сайд шүүхийн шийдвэрт нөлөөлөх, өөрчлөх эрх байхгүй. Хууль бус шаардлага тавьж байгаа хэн нэгний шахалтад хуулийн байгууллага орох, өртөх ёсгүй. Тийм учраас хуулийн дагуу асуудлыг шийднэ. Харин Монгол Улсад үйлчилж байгаа Эрүүгийн хууль болон бусад хуулийг өөрчлүүлэх талаар ард иргэд ардчиллын журмаар шаардлага тавьж, парламентад шахалт үзүүлж болно. Энэ бол нээлттэй аж.
Харин одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар хэн нэгэн хүнийг бусад хүн өлсгөлөн зарласан гэсэн шалтгаанаар гадуур гаргах, ялаас чөлөөлөх ямар ч боломж байхгүй юм байна.
Хоёрдугаарт шүүхээс гарсан шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана ч, албан тушаалтан, эрх мэдэлтэн, гадны улсын иргэн хэнбугай нь ч байсан дагаж мөрдөж, хүндэтгэлтэй хандаж, хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа энэ үед танил талаараа ч тэр, үхэж хатна гэсэн шалтгаанаар ч тэр хэн ч өөрчилж болохгүй. Үүнийг Хууль зүйн сайдын хувьд, шүүхийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний хувьд ард иргэдэд, тухайлбал тодорхой нэг хүний төлөө шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхээр шахалт үзүүлж байгаа хүмүүст албан ёсоор мэдэгдлээ.
Гэхдээ харамсалтай нь Н.Энхбаяртай холбоотой асуудлаар дан ганц иргэдээс гадна эрх бүхий албан тушаалтнууд ажиллаж, одоо ч гэсэн шахалт дарамт үзүүлж байна. Албан үүргээ хувийн зорилго, эсвэл явцуу эрх ашгийн хүрээнд ашиглавал энэ нь өөрөө Эрүүгийн болон Ашиг сонирхлын зөрчил, Авлигын тухай хуулиар хориотой гэнэ.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын нэр бүхий гишүүд хорих байгууллагуудаар хоёр удаа шалгалт хийсэн. Эхнийх нь Нийгмийн асуудал эрхэлсэн байгууллагаас эмэгтэйчүүдийн болон хүүхдийн хорих ангид хийсэн шалгалт байсан. Үүнийхээ дараа ял эдлүүлэхээс хойшлуулах журамд өвчнөөр чөлөөлөгдөхтэй холбоотой жагсаалтанд өөрчлөлт оруулах эцсийн зорилгоор УИХ дээр нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Монгол Улсад мөрдөгдөж байгаа ялаас өвчнөөр чөлөөлөгдөх жагсаалт бусад орны жишгээр явж байгаа. Энэ жишиг дээр нэмж тодорхой өвчнүүдийг оруулах сонирхлоо илэрхийлсэн. Харамсалтай нь хуулийн байгууллагууд амь насанд нь аюул учруулдаггүй, одоогийн хорих байгууллагын эмнэлэгт эмчлэх хангалттай боломжтой учир жагсаалтад өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн хариуг өгчээ.
Хүний эрхийн дэд хороонд түшиглэж дараа нь дахиад шалгалт хийсэн аж. Тэр шалгалтын хүрээнд онц хүнд болон хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтнуудыг гадагш гаргаж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэхийг хязгаарласан журмыг иргэний Үндсэн эрх зөрчиж байна гэсэн асуудлыг тавьсан юм. Тэр журмын дагуу онц хүнд болон хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтнууд ямар ч өвчин туссан гадагшаа гаргадаггүй, эсвэл үхлүүт болсон хойно нь гаргадаг зөрчилтэй зүйл байсан. Тиймээс прокурор болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд өнгөрөгч 10 дугаар сард энэ талаар шийдвэрийн төсөл боловсруулж эрх бүхий байгууллагад явуулсан байсан аж.
Тэрбээр “ Хууль зүйн сайд болсны дараа миний ширээн дээр энэ шийдвэрийн төсөл байсан. Тиймээс ийм төрлийн гэмт хэрэгтнүүдийг эмчлүүлэх эрхийг нээж, энэ асуудлыг шийдэх шийдвэрийн төсөл одоогоос гурван сарын өмнө гарсан гэсэн үг. Гэтэл энэ шийдвэрийг хэрэгжүүлж хоригдлуудыг эмчлүүлэх гэтэл хүлээн авах эмнэлэг олдоогүй. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нэг хэсгийг тусгаарлаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх анги болгоё гэтэл хотын төвийг хорих болгох гэлээ гээд бөөн асуудал дэгдсэн. Тиймээс бид шилжүүлэн байрлуулах замаар хотын төвөөс гаргаж энэ асуудлаар шийдэхээр болсон. Одоохондоо хоригдлуудаа хүлээн авах эмнэлгээ бэлдээгүй учир журмаа өөрчлөх хараахан боломжгүй байсан юм.
Гэтэл Эрүүл мэндийн сайд дангаараа шийдвэр гаргасан.
Эрүүл мэндийн сайдад би тухайн үед “Танай даргыг хүлээн авах эмнэлэг байна. Харин эхний ээлжинд гарах шаардлагатай 20 хоригдлыг хүлээн авах эмнэлэг байхгүй байна. 20 хүн бол зөвхөн эхний ээлжийнх. Үүний цаана эмчлүүлэх шаардлагатай гэж 200 орчим хүн хүсэлтээ гаргасан. Тиймээс эдгээр хоригдлыг хүлээн авах эмнэлэгтэй холбоотой асуудлаа шийд, тэгвэл бид журмаа өөрчилж болно” гэж хэлсэн. Гэтэл энэ сарын 11-нд ганцаарчилж гаргасан шийдвэртээ дээр дурдсан журмыг хүчин болгосон байсан. Харамсалтай нь буруу заалтаа хүчингүй болгосноор хориглосноос бусдаар гарч эмчлүүлж байсан хоригдлууд маань эмнэлэггүй болох нөхцөл үүсчихээд байна. Эрх мэдлээ буруугаар ашиглаж, шахалт үзүүлэх журмаар ажиллаад байгаа юм.
Хууль зүйн сайдын хүчин төгөлдөр шийдвэрээр энэ сарын 16-наас онц хүнд болон хүнд гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа хоригдлууд хорихоос гарч эмчлүүлж болох эрх нь нээгдсэн. Улмаар Эрүүл мэндийн сайдаас аль эмнэлэгт үйлчлүүлэх вэ гэхэд аймаг, нийслэлийн бүх эмнэлгийг заагаад өгчихсөн. Хоригдлуудыг жирийн иргэдтэй хамт байлгах, бие биентэй нь ойр байлгах маш их эрсдэлтэй. Тиймээс битүүмжилж, хорих ангийн хэмжээнд бэлдэх болно. Бүх эмнэлгийг шорон болгох боломжгүй.
Ингээд өчигдөр Хоёрдугаар эмнэлэгт хоёр өрөөг шоронгийн стандартаар тохижуулж, цонх, хаалгыг нь торлож дууслаа. Хоёрдугаар эмнэлгийн ажилчид эхэндээ эсэргүүцэж, хоригдлуудыг үзэхгүй гээд бас хугацаа алдсан. Н.Энхбаярыг үзээд бусдыг нь үзэхгүй гэдэг ялгаварлан гадуурхаж байгаа өнгө аяс гаргаж маргаан үүссэн. Ингээд уржигдрын байдлаар шийдвэр гарч, эхний ээлжинд хоёр хүн авахаар боллоо. Одоо прокурор очиж шалгана” гэл ээ.
Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав
-Хэзээнээс хоригдлууд нь шилжих вэ?
-Прокурор шийдвэр гаргавал өнөөдөр эхний хоёр хоригдол шилжинэ.
-Эхний хоёрын нэг нь Н.Энхбаяр уу?
-Үгүй. Н.Энхбаяр гарч эмчлүүлэх эсэхийг одоо прокурор шийднэ. Өвчин нь гарч эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай юу гүй юу гэдгийг судалж үзэх байх.
-Хууль хүн бүрт эрх тэгш үйлчилж байхад хэн нэгэн даргадаа тусгай хөнгөлөлт үзүүлэх тухай шахалт гаргаж, амь насаараа дэнчин тавих нь зохимжгүй. Та бүхний эхний тэмцлийн зорилго болох хорих байгууллагад эмнэлгийн туслалцаа авч чадахгүй байсан хоригдлуудын эрх хангагдсан. Өнөөдрөөс эхлээд эмчилгээгээ аваад явах боломжтйо болсон учир өлсгөлөнгөө зогсоогооч ээ гэж хүсч байна. Хоёрдугаар эмнэлэгт урьдчилсан байдлаар байгуулсан эмнэлэгт зөвхөн Н.Энхбаяр бус, шаардлагатай бүх хоригдол эмчлүүлнэ.
- Хоёрдугаар эмнэлэгт хүнд өвчтэй хоригдлууд эмчлүүлэх юм байна. Сүрьеэтэй, халдвартай өвчтнүүдийг бас эмчлэх үү?
-Сүрьегийн халдвартай хоригдлоо тусад нь мэргэжлийн эмнэлэгт нь эмчилнэ. Хоёрдугаарт эмнэлэг рүү явуулахгүй.
-Н.Удвал сайд дангаараа журам өөрчилсөн нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү? -Хууль зүйн сайдын гарын үсэггүй Эрүүл мэндийн сайд ганцаараа журмыг өөрчлөх ямар ч боломжгүй. Энэнтэй холбоотой Засгийн газрын гишүүний хувьд ёс зүйн алдаа бөгөөд албан тушаалаа хэтрүүлэн ашигласан асуудал үүсвэл Засгийн газар дээрээ хэлэлцэх байх. Асуудал бол хаагдаагүй. Мөн үүн дээр нэмээд Н.Удвал сайд дангаараа журам өөрчилсөний дараа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Н.Энхбаярыг эмнэлэгт шилжүүл гэсэн хууль бус тушаал явуулсан байсан. Үүнтэй холбоотой дэд сайдын олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн гэсэн асуудал мөн яаман дээр үүсээд байна. -Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нар өлсгөлөн зарлах гэж байна гэсэн мэдээлэл байна. Үүнийг мэдсэн үү? -Энэ эмнэлэг бол цэргийн нэг анги. Эмч нар нь цол авсан цэргийн үүрэгтнүүд. Цэргийн анги нэгтгэлд Үйлдвэрчний эвлэл байгуулах, өлсгөлөн зарлах эсвэл төрийн бодлого, удирдах албан тушаалтны шийдвэрийн эсрэг зогсохыг шууд хориглодог. Цол зэрэгтэй хүн өлсгөлөн зарлавал шууд баривчлагдана, жагсаал цуглаанд оролцвол цолоо хураалгаж, албан тушаалаасаа хөөгддөг. Үүнтэй холбоотой асуудал Жанжин штаб дээр яригдаж, өмнө нь хэд хэдэн удаа жагсаал цуглаанд оролцсон цолтой хүмүүсийн цолыг хураах асуудал хөндөгдөж байна. Энэ бол иргэний эмнэлэг биш. Нийгмийн аюулгүй байдлыг хангах гэж гал, ус руу орж байгаа албан хаагчдыг эмчлэх эмнэлэг. Харамсалтай нь өнгөрсөн 14 жил албан бусаар хувьчлагдсан байсан. Хэн нэгэн өмчилж авах гэсэн ашиг сонирхолтой хүний эсэргүүцэл л ийм байдалд хүргээд байгаа юм. -Таныг сүрдүүлсэн захиа нэлээн олон ирлээ. Хамгийн сүүлийн захианыхаа тухайд? -Аль ч орны Хууль зүйн сайд нэлээд эрсдэлтэй, бэрхшээлтэй байдаг. Ямар ч сүрдүүлэг, дарамт ирж болно. Өмнөх сайдууд ярьдаггүй байсан байх. Харин би ил тод байх хэрэгтэй гэж үзэж зарим зүйлийг нээлттэй болгосон. Сүүлд ирсэн нь захидал биш мессеж байсан. Эхлээд залгаад миний үр хүүхэдтэй холбоотой асуудлыг ярих гэж оролдоход нь утсаа салгасан юм. Дараа нь дөрвөн мессеж ирсэн. Нийтэд зарласан нь зөвхөн нэг нь, хамгийн гайгүй байсан юм. Эхний удаад нэр хаягаа нууцалж, шууд заналхийлсэн байсан учир Эрүүгийн хэрэг нь үүсгэгдээд хариуцлагыг нь тогтоох байх. Харин сүүлийнх нь утасны дугаар нь ил, хэн гэдэг нь тодорхой байсан учир би зүгээр үзэд бодлоо илэрхийлж буй хэлбэр гэж ойлгосон. Миний үр хүүхэд рүү хандаж элдэв юм бичсэн нь хараал ерөөлийн шинжтэй байсан ч харамсалтай нь би мухар сүсэгт итгэдэггүй учир нөлөөлөхгүй.Түүнчлэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мөнгө угаах гэмт хэргийг илрүүлсэн. Одоогоор МИАТ компанитай холбоотой хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлээд шалгаж эхэлсэн байна. Гэхдээ хэргийг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэнэ. Уг хэрэгт 5-6 сая доллартай холбоотой хэрэгт хэд хэдэн хүн холбогдон шалгуулж байгаа аж. Хэрэв эл хэрэгт улс төрчид холбогдсон бол АН, МАН гэлтгүй хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэл ээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ