"Малчдын саналыг сонсох нь чухал"

img

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дуусч, тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн хурлаар “Гудамж” төсөл болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон Газрын тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал, Газрын тухай хуулийн төсөлд багтсан Бэлчээрийн тухай хуулийн төсөл. Үүнд малчдад бэлчээрийг нь хувьчлах нь зөв үү, буруу юу, бэлчээрт хязгаар тогтоох нь зөв үү гэдэг дээр малчдын саналыг нь сонсох ёстой гэж үзсэн байна. Учир нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд газарт татвар ногдуулах зэрэг асуудал багтаж буй. Үүнийг малчид хүлээж авах уу, малчдын хувьд анхнаасаа бэлчээрийг үнэгүй ашиглаж ирсэн. Нүүдэлчин соёл иргэншлээ дагаад татвар гувчуур төлөх асуудлыг хүлээж авахгүй бол яах вэ. Энэ бүхнийг шийдэхийн тулд малчдын санаа бодлыг сонсох нь  чухал гэж үзсэн юм байна.

Харин малчдын хоршоо байгуулах асуудал дээр социалзмын үе шиг хүчээр шийдэх байдал гарах вий. Аль болох чөлөөт өөрсдөө эвлэлдэн хөдөлмөрөө хорших байдлаар хоршооллыг байгуулах ёстой. Ингэхдээ эдийн засгийн өсөлтөө хангаж, малчид ард иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлж байнгын орлоготой болгох тэр механизмыг бий болгохын тулд зөв шийдлийг олох ёстой гэжээ. Тиймээс хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд энэхүү хоёр асуудал орж ирнэ. Энэ хүрээнд чуулган завсарласан хугацаанд малчдынхаа саналыг сонсох юм байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  “Гудамж” төслийг хэрэгжүүлэх хүрээнд дэд бүтцийн асуудал дээр нийслэлийн гэр хороолынхны санаа бодлыг сонсох ёстой гэж үзжээ. “Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хүрээнд иргэний хашааны газрыг хүчээр авах юм шиг ойлголт явж буй. Энэ бол буруу, гол нь иргэдтэйгээ ойлголцож, хэрхэн зөв зохицуулах вэ гэдгийг тал талаасаа ярилцаж ойлголцох ёстой. Тиймээс иргэдийн саналыг сонсох нь хамгийн чухал” гэж бүлгийн гишүүд үзжээ.

 Нөгөө талаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэн тэргүүнд гурван ажлыг хийх ёстой гэжээ. Эхнийх нь ирэх жил гэхэд утааны хоруу чанарыг 50 хувь хүртэл бууруулна. Үүний тулд ирэх намраас эхлэн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, нүүрс олборлодог компаниудыг хагас коксжуулсан түлш үйлдвэрлэсэн нөхцөлд төрөөс дэмжлэг үзүүлдэг болох. Улаанбаатар хотод хагас коксжсон түлш хэрэглэх.Хоёрт, гэрийн дулаалга, барилгын материалын дулаалгыг үйлдвэрлэхдээ хонины ноосыг ашиглах. Энэ талын үйлдвэрлэл байгуулах, техник технологи нэвтрүүрлэх аж ахуйн нэгжид төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх.Гуравт, дагуул хотыг хөгжүүлэх хүрээнд хурдны замын ажлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ асуудлын  хүрээнд хот ямар бодлого дэвшүүлж ажиллаж байна вэ гэдэг талаар ирэх долоо хоногт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн мэдээллийг сонсох нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгджээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
маш энгийн газрыг чөлөөлөхөд газрын үнэлгээ нь нэг метр кватратын/1м2/ үнэ 200,000 мянга буюу түүнээс дээш баих юм бол иргэд газраа хурдан чөлөөлнө шүү дээ харин замын зураганд орсон үйлчилгээтэй газар арай өөр өндөр үнэлгээтэй баих
2013-01-22
Belcheer,havarjaa,uvuljuug ezemshuuvelbel hen ih bayarlah bol?
2013-01-21