Теннис: “Australian Open” – ий шөвгийн 8 - д өрсөлдөх теннисчид тодорсоор

img

Газрын теннисний  “Их дуулга” – ын энэ оны анхны тэмцээн  “Australian Open” – ний хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорсоор байна. Энэ жилийн тэмцээний шагналын сан өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн бөгөөд нийт 30 сая австрали доллар болжээ. Ганцаарчилсан төрөлд түрүүлэхэд 2 430 000 австрали $, дэд байрт орвол 1 215 000  австрали $ - ын шагнал хүртэнэ.   Эрчүүдээс тус тэмцээний № 1 – д эрэмбэлэгдсэн өнгөрсөн жилийн аварга Сербийн Н.Жокович  1-6,  7-5,  6-4,  6-7,  12-10– ын харьцаагаар Швейцарын С.Вавринкаг  буулган авчээ. 5 цаг гаруй үргэлжилсэн энэхүү тулаанд Серб залуу аргагүй л туршлага заан хожлоо.   Чехийн Томаш Бердых  6-3, 6-2, 7-6 – гаар Өмнөд Африкийн залуу теннисчин Кевин Андерсонын төвөггүйхэн хожлоо. Испаний Давид Феррер, Никалос Альмагро болон Францын Жереми Шарди, Жо Уилфред Цонга нар учраануудаа хожин шөвгийн 8 - д шалгарлаа. Швейцарын алдарт теннисчин Р.Федерер - Канадын Милош Раонич, Их Британий Энди Мюррэй - Францын Жиль Симон нарын тоглолтын дараа шөвгийн 8 - д тоглох теннисчдийн нэрс бүрэн тодорно. Харин бүсгүйчүүдийн төрөлд 4-р тойрогт тус тэмцээний №2 теннисчин, ОХУ – ын М.Шарапова Бельгийн Кирстен Флипкенсийг 6-0, 6-1 – ийн харьцаагаар бут ниргэсэн байна. Тэмцээн эхэлснээс хойш  М.Шарапова өрсөлдөгчиддөө нэг ч сет алдаагүй,  ердөө 5 – хан game алдаж  “Их Дуулгын” түүхэнд тохиолдоогүй амжилтыг үзүүлж байна. Тэрбээр шөвгийн 8 – д нутаг нэгт Елена Макароватай тоглохоор оноолт таарсан байна. Дэлхийн № 1 Белорусийн Виктория Азаренко – ОХУ – ын Светлана Кузнецоватай, Хятадын Ли На – Польшийн А.Радванскатай тоглохоор оноолт таарсан бол ОХУ – ын Мария Кириленко – АНУ – ын Серена Уилъямс нарын хожсон нь АНУ – ын Слоан Стефенстэй шөвгийн 8 – д тоглох нь ээ. Б.Төр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ