
“PricewaterhouseCoopers” компанийн (аудит, консалтинг хийдэг дэлхийн томоохон пүүс) ажилтнууд 2033 онд дэлхий ямар байх тухай сэдвээр хэд хэдэн таамаглал дэвшүүлжээ. Шинжээчдийн таамаглалыг аятайхан гэж хэлэхэд хэцүү. Наад зах нь, АНУ, Европын холбооны хувьд... гэж “Гардиан” сонинд бичжээ.
Ойрын жилүүдэд дэлхийн зах зээлийн тэргүүлэх орнууд одоо ороод байгаа хямралаас гарч чадахгүй л болов уу гэж “PricewaterhouseCoopers” компанийн төлөөлөгчид үзэж байна. Харин хөгжиж буй орнууд өнөөгийн асуудлаа шийдвэрлэж чадах төдийгүй, урьдын хөгжилтэй өрсөлдөгч нарыгаа шахаж магадгүй ажээ.
Тухайлбал, 2033 он гэхэд Хятад улс манай гаригийн хамгийн баян орон болж, харин АНУ тэргүүлэх байр сууриа алдан, хоёрдугаар байр руу ухрана гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Дор хаяад 2050 хүртэл ийм байдал үргэлжилнэ гэж эдийн засагчид тооцоолж байгаа ажээ. “Их долоогийн” дээд хэмжээний уулзалт Азийн хамгийн хөгжилтэй долоон орны төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр солигдоно. 20 жилийн дараа Орос улс Герман, Мексикээс баян болж, Франц, Их Британийг гүйцэж, харин Турк, Индонез хоёр Италиас давж гарна. Эдийн засгийн хөгжлийн түвшингээрээ гурав дахь орон нь Энэтхэг болж, БНХАУ-ын дараагаар 2050 он хүртэл энэ байрандаа байх гэнэ. Дараа нь Япон улс орох бөгөөд гэхдээ 2050 он хүртэл тус улс байр сууриа алдаж магадгүй аж.
Гэхдээ энэ явдалд өөрийн гэсэн саад байна. Тодруулвал, инфляцын өндөр түвшин Энэтхэг, Бразил улсыг сульдуулж мэднэ. Нефть, шатдаг хийгээс хараат байдал Орос, Нигери улсыг бас сульдуулна. Хятадад нийгмийн түгшүүртэй байдал бий болж, тэгш бус байдал ихсэнэ. Дэлхийн дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шинжээчид орон бүхний эрх баригчдад зөвлөж байна. Юу гэвэл, цаг агаарын эрс өөрчлөлттай холбоотой аюул ирэх хэдэн арван жилд ихсэх төлөвтэй байгаа ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ