
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Уянга, Ж.Батзандан нартай хамтран боловсруулж Засгийн газарт өргөн барьсан билээ.
Уг хуулийн төсөлд хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага Чингис хааны нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах тохиолдолд, иргэн Чингис хааны нэр, хөрөг, бэлгэдлийг аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор хэрэглэх, ашиглах тохиолдолдm Монгол Улсын Засгийн газарт хүсэлт гаргахаар заасан бөгөөд харин согтууруулах ундаа, тамхи болон тэдгээрийн барааны тэмдэг, сав, баглаа боодол, хайрцаганд хэрэглэхийг шууд хориглохоор заасан.
Мөн түүнчлэн уг хууль нь иргэний нэр болон энэ хуулиар хориглосноос бусад урлаг, соёлын бүтээлд “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг, төрийн байгууллагын үйл ажиллагаанд “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хамаарахгүй байхаар заасан байна.
Уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн бөгөөд тун удалгүй УИХ-аар хэлэлцүүлэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ