Нууцгүй төр
Чуулганаар өнгөрсөн долоо хоногт Төрийн нууцын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ хуулийн төсөл гишүүдийн дэмжлэг авахгүй байсаар чуулганы хуралдаанаар унасан юм. Гэтэл үүнээс гурав хоногийн дараагаар энэхүү төслийг байнгын хорооны хуралд дахин хэлэлцүүлэхээр оруулж ирэв.
Гишүүдийн олонхи дэмжихгүй гээд буцааж байхад дахин зүтгүүлж байгаа нь хүчээр батлуулах гэсэн оролдлого гэлтэй. Төслийг өргөн бариад, батлуулах гэж хичээж буй ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар хоорондоо муудалцаж гар ч зөрүүлсэн гэнэ. Төрийн нууцад Монгол Улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой, хэрвээ задруулах юм бол үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээлэл, томьёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг хамааруулдаг.Энэ хуулийн дагуу нийт 59 мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, ажиллагааг төрийн нууцад хамаарахаар хуульчилсныг одоогоор сахин мөрдөж байдаг. Өөрөөр хэлбэл энэ санд Иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой бөгөөд иргэний төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, гэрлэлт сэргээсний, эцэг тогтоосны, үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний, нас барсны, иргэний үнэмлэхийн, гадаадад зорчих эрхийн, биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/, иргэний байнгын оршин суугаа газрын, шилжилт хөдөлгөөний, Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсний бүртгэлүүд хамаардаг. Эдгээрээс биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/, Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсэнтэй холбогдохоос бусад мэдээллийг төрийн нууцад зайлшгүй хамааруулах шаардлагагүй гэж үзэж нууцаас хасахаар хуулийн төсөлд тусгасан байгаа юм. Үүнийг хамгийн энгийнээр хэлэхэд таны талаарх гэр бүл, шашин шүтлэг, ажил мэргэжил, яс үндэс, өвчний түүх гээд таны талаар мэдэж болох бүхий л зүйлс ил болно гэсэн үг. Иргэний бүртгэлийн асуудал бол яалт ч үгүй нууц асуудал. Төрийн нууцаас гаргачихвал хэн нэгэн хүссэн хүнийхээ бүртгэл мэдээллийг үзэж бизнесийн болон гэмт хэрэгт ашиглахыг байг гэхгүй. Ер нь аливаа улс орны хамгийн үнэ цэнэтэй зүйл нь хүн л биз дээ. Хүнийхээ, иргэнийхээ мэдээллийг нууц биш гэвэл юу нууцад орох юм бэ. Тухайн улс орны иргэдийн цогц мэдээлэл гадныхны гарт орох нь хамаагүй юм байна л даа. Хатуухан хэлэхэд иргэдийнхээ мэдээллийн санг төрийн хамгаалалтаас гаргана гэдэг нь иргэдийнхээ эрх , эрх чөлөөнд ноцтой халдах, тэдний эрх ашгийг зөрчих, амь биед нь аюул учруулах нөхцөл байдал бүрдүүлж мэднэ.
Үргэлжлэлийг: http://www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ