
Сурагчдын оюуны түвшинг үнэлдэг “Super Scholar” байгууллага одоо амьд сэрүүн байгаа хамгийн их IQ-тай хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Жишээ нь ийм хүмүүсийн дотор эрдэмтэн Стивен Хокинг, Microsoft компанийг үндэслэгчдийн нэг Пол Аллен, шатарчин Гарри Каспаров байна гэж “El Bundo” сонинд бичжээ.
Ингэхдээ жагсаалтад “дээд” болон “доод” гэсэн цэг байхгүй, учир нь оюуны чадамжийг үнэлэх нь субъектив шинжтэй зүйл бөгөөд IQ-гийн түвшин юмуу бодит амжилтын аль нь чухал гэдэг нь тодорхойгүй юм гэж шинжээчид тайлбарлаж байна.
Жагсаалтаас үзвэл, Хокингийн IQ – 160 балл бөгөөд тэр 14-өөс цөөнгүй шагнал авч, 7 ном бичжээ.
Харин манай гаригийн хамгийн өндөр IQ-тай (210) хүн бол чухамдаа бүхий л амьдралаа физикт зориулсан Ким Ун-Ёон юм гэж Гиннессийн номонд бичсэн байдаг. Тэр 6 сартайдаа хэлд орж, гурван ойтойдоо дөрвөн хэлээр ярьж, Өмнөд Солонгосын Ханьяны их сургуулийн физикийн хичээлд чөлөөт сонсогчоор уригдөж байжээ. Тэр 16 настайдаа АНУ-д физикийн диссертаци хамгаалсан юм гэж өгүүлэлд бичсэн байна.
Харин телевизэд киноны зохиолчоор орох хүртлээ хаалгач, зөөгч, загвар өмсөгчөөр ажиллаж байсан Рик Роснер 192 IQ-тай байна.
Гарри Каспаровын IQ 190 байна. Каспаров хамгийн удаан хугацаагаар дэлхийн шатрын аварга байсан бөгөөд Оросын ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан юм гэж сонинд дурджээ.
Өнөөдөр дэлхийн хүн амын 0,5% нь 140 баллаас дээш IQ-тай (суутан) байна гэж судлаачид нотлож байна. Харин 90-ээс 110 хүртэл IQ-г хэвийн гэж үздэг байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ