Төрийн албан хаагчдын зардал 210 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
УИХ дахь МАН-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар нар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд шинээр байгуулагдсан Засгийн газрынхан төрийн албан хаагчдыг намын харьяаллалаар хоморголон халж байгаа талаар байр сууриа илэрхийллээ.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас хойш халагдсан, ажлаас чөлөөлөгдсөн цөөхөн хүн байгаа, хомроголон халж байгаа зүйл байхгүй хэмээн олон нийтэд мэдээлэл өгч байгаа ч үнэн хэрэгтэй халаа сэлгээ маш их хийгдэж байна гэж МАН-ын гишүүд үзэж байгаа юм байна.
Тиймээс өнгөрсөн есдүгээр сарын 28-нд Засгийн газарт асуулга хүргүүлсэн байна. Уг асуулгад “Төрийн албанаас халагдаж, чөлөөлөгдөж байгаа явдлыг зогсоох хэрэгтэй. Хэдийгээр яамдын тоог бууруулж, агентлагийн тоог бууруулсан гэж ярьж байгаа ч төрийн албанаас халагдсан хүмүүс олон байна.
Засгийн газар УИХ-ын гишүүний асуулгад 30 хоногийн дотор хариугаа өгөх ёстой. Гэвч одоо 45 хонож байхад хариу өгөөгүй байна. Гэтэл баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийн асуулгын талаар хэлэлцэх гэж байхад бид ямар ч мэдээлэлгүй сууж байна. Тиймээс энэ төрийн албаны халаа сэлгээг даруйхан зогсоох хэрэгтэй.” Тэдний хэлэхээр Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан хүний нөөцийн хөдөлгөөн хийх шаардлага гарах нь тодорхой боловч үүнийг тохиолдол бүрийг нь зохицуулсан хуулийн заалтыг баримтлах учиртай гэнэ.
Тэр тусмаа Төрийн албаны тухай хууль, Төрийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах тухай УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн бүх шатны албан тушаалд зөвхөн сонгон шалгаруулах зарчмаар томилогдох ёстой юм байна.
Гэтэл Засгийн газраас одоогийн байдлаар яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга, төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалын сул орон тоон тус яамд байгаа төрийн албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэхийн оронд түр орлон гүйцэтгүүлэх журамд Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан хэм хэмжээний агуулгыг илт зөрчсөн өөрчлөлт оруулж, сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийж байгаа аж.
Эл хууль зөрчсөн асуудлаар МАН-ын гишүүд Засгийн газарт асуулга тавьсан боловч асуулгын хариу өгөх хуулийн хугацааг хоногоор хэтрүүлэн өгөхдөө бүрэн дүүрэн хариулт өгөөгүй гэнэ.
Түүнчлэн уг хариуг бүрэн гүйцэт өгнө гэснээс хойш даруй гурван сарын хугацаа хэтрүүлжээ. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын чуулган дээр асуулгын хариуг бүрэн өгсөн мэтээр ташаа мэдээлэл өгчээ. Эх сурвалжуудын мэдээллээр өмнөх Засгийн газар яамтай нийт 929 орон тоотой байсан бол шинэ бүтцээр 16 яам 1625 албан хаагчийн орон тоотой ажиллах болжээ.
Өөрөөр хэлбэл яамдын орон тоог 689 буюу 80 гаруй хувиар нэмсэн байна. Үүнд 2013 онд 1 их наяд 400 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалинд төсөвлөжээ. Гэтэл өнгөрөгч 2012 онд 1 их наяд 200 тэрбум төгрөгийг төсөвлөж байсан аж. Үүнээс харахад энэ жил шинэ Засгийн газар цалин хөлсний зардлыг 210 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн тооцоо гарч байна. Үүнээс гадна Төрийн албан хаагчдын холбоонд ирсэн мэдээллээр 2000 гаруй албан хаагчийг үндэслэлгүй ажлаас нь халсан гэх мэдээлэл бий гэнэ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ