
Давосын ээлжит чуулга уулзалт эхэллээ. Энэ нь ямар гээчийн арга хэмжээ вэ?
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (Давосын чуулга уулзалт) бол манай гаригийн нэн чухал асуудлуудыг хэлэлцэхээр дэлхийн бизнесч, улс төрийн удирдагч, олон нийтийн зүтгэлтнүүдийн уулзалтыг жил бүр зохион байгуулдаг засгийн газрын бус байгууллага юм.
Уулзалт Швейцарийн Альпын нурууны рашаан сувиллын Давос хотод нэгдүгээр сард уламжлал ёсоор болдог билээ. 2013 онд чуулга уулзалт нэгдүгээр сарын 23-27-нд болж байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч бөгөөд тэргүүн нь профессор Клаус Шваб юм. Тус байгууллагад дэлхийн нэг мянга гаруй томхон компани ордог. Төв байр нь Женев хотод байдаг.
Чуулга уулзалт 1971 онд анх удаа болжээ. Бизнесийн удирдагчдын эхний уулзалтуудаар менежментийн асуудал хэлэлцдэг байсан бол, дараа дараачийн жилүүдэд хэлэлцэж буй асуудлын хүрээ өргөжиж, 1974 оноос улс төрийн удирдагчдыг Давост урих болжээ. 1987 оныг хүртэл жил бүрийн симпозиумыг Европын чуулга уулзалт гэж нэрлэж байсан ч, сүүлд нь үүнийг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэж нэрлэх болсон юм.
Давосын чуулга уулзалтын хүрээнд албан ёсны бус байдалд семинар, бүгд хуралдаан, дугуй ширээний уулзалт, яриа явагддаг юм. Протокол хөтлөдөггүй, ямар ч тогтоол гаргадаггүй. Давост төр, засгийн тэргүүн нар, томоохон компаниудын удирдагч, нэрт эдийн засагч, эрдэмтэн, улс төрчид эдийн засаг, улс төр, эрүүлийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудалд хамаатай сэдвийг хэлэлцдэг юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ