
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд өнөөдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Төсөлтэй холбоотой санал, асуултыг хэд хэдэн гишүүн тавьсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт давж заалдах шатны шүүх байгуулахыг дэмжиж өгнө үү гэсэн горимын санал гаргасан бол Н.Номтойбаяр, Б.Болорчулуун нарын гишүүд Дорнод аймаг хүн ам нягтаршил их, алслагдсан сумдуудтай, хоёр улстай хиллэдэг, Хилийн цэргийн хэд хэдэн анги бий гээд ачаалал хүн амын тоогоороо Дорнод аймагт давж заалдах шатны шүүх байгуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.
Харин УИХ-ын гишүүн Л.Цог “Дорнод аймгийн хүн амын тоо, нягтаршил, алслагдмал байдал зэргийг харгалзан үзсэн. Хэрэв Хэнтий аймагт давж заалдах шатны шүүхийг байгуулбал Дорнод аймгийн Халх гол сумынхан хөндөгдсөн эрхээ сэргээлгэхийн тулд 1200 км зам туулж Хэнтий аймагт очих болж байгаа. Тиймээс анхны заалтаараа явах нь зөв гэж үзсэн. Гэхдээ Хэнтийд Давж заалдах шатны шүүхтэй байх шаардлага бий” гэж байлаа. Үүний дараа ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй таван саналаар санал хурааж гишүүдийн дийлэнх дэмжсэн. Тодруулбал Дорнод аймагт Давж заалдах шатны шүүх байгуулахыг дэмжлээ.
Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоог батлах тухай хуулийн төслийг 74.2 хувийн саналаар дэмжин баталлаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ