Амиа золиослогч этгээд бөмбөг тэсэлж 42 хүн үрэгджээ

img

Иракийн нийслэл Багдад хотын захын хэсгүүдэд өчигдөр амиа золиослогч этгээд цуврал дэлбэрэлт үйлджээ. Дэлбэрэлтийн улмаас нийт 42 хүн амь үрэгдэж, олон тооны хүн гэмтэж шархтсан тухай ВВС агентлаг мэдээлж байна. Эхний дэлбэрэлт нийслэлийн зүүн зүгийн Махмудия дүүрэгт  болсон бөгөөд цэргийн хяналтын цэгийн ойролцоо байршуулсан тэсрэх бөмбөг бүхий автомашин дэлбэрснээр хоёр цэрэг, гурван энгийн иргэн амь үрэгдэж, 14 хүн гэмтэж, бэртжээ. Удаах нь Багдадаас хойд зүгт 30 гаруй км-ийн зайтай орших Тажи хэмээх жижиг хотод болж, автомашинд тавьсан тэсрэх бөмбөг дэлбэрснээс долоон хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн гэмтээд байсан бол өнөөдрийн байдлаар амиа алдагсдын тоо нэмэгдэж 42 хүрчээ. Одоогоор эдгээр дэлбэрэлтүүдийг ямар бүлэглэл зохион байгуулсан нь тодорхойгүй байгаа ч сүүлийн үед Иракт болоод буй халдлага, дэлбэрэлтэд Суннитуудыг буруутгаж байгаа. Учир нь Иракт гарч буй автомашинд бөмбөг тавьж тэслэх, амиа золиослох зэрэг халдлагууд ихэвчлэн шиитүүдийг чиглэж байгаагаас ийм дүгнэлтэд хүрэх болсон байна. Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт Ирак даяар цуврал амиа золиослох халдлага болж 40 гаруй хүн амь үрэгджээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ