“Монгол-Төгсөшгүй” нэгдсэн тоглолт болно

img

Үндэсний урлагийн бахархал болсон шилдэг долоон хамтлаг нэгдэн “Монгол-Төгсөшгүй” нэртэй тоглолтоо тун удахгүй зохиох гэж байна. Өнгөрсөн жил үндэсний урлагийн этно чиглэлээр уран бүтээлээ туурвидаг таван хамтлаг нэгдэж байсан бол энэ удаад долоо болон өргөжсөн аж. Шинэ өнгө төрх, шинэ тайз засал, шинэ найруулгаар хийгдэх уг тоглолтыг сүүлийн үед уран бүтээлийн ааг омог нь савнаасаа аль хэдийнээ халиад буй Төрийн соёрхолт жүжигчин Д. Сосорбарам найруулж байгаа гэнэ. Уг тоглолтыг өнгөрсөн жил МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ивээлдээ авч зохион байгуулах бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан бол энэ жил мөн л түүний ивээлээр зохиогдох юм байна. Гадаад орнуудын айлчлалд нүүр бардам эх орныхоо нэр төрийг сурталчилдаг эдгээр уран бүтээлч залуусыг Ерөнхийлөгч ивээлдээ авч, хаана ч явсан дагуулж явдаг уламжлал тогтсон гэж хэлж болно. Тэд бүгд залуу уран бүтээлчид бөгөөд “Хөсөгтөн”, “Алтан Ураг”, “Домог”, “Жонон”, “Бөртэ”, “Тэнгэр Аялгуу” зэрэг хамтлагийн авъаслаг залуус багтдаг ажээ. Тоглолтын цар хүрээг Монголын ард түмэнд улам их түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ жилийн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар мөн дэмжиж ажиллахаар болсон гэнэ. “Монгол-Төгсөшгүй” нэртэй уг тоглолт МҮЭСТО-д ирэх хоёрдугаар сарын 8,9 нд 19.00 цагаас  зохиогдох юм байна. Тоглолтын дэлгэрэнгүйг 99005652, 99102207 утаснаас лавлаж болохнээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ