Чикагогийн мөсөн гал
Гэрэлд зургаар түүхийг бичдэг. Дэлхийн өнцөг булан бүрт гэрэл зурагт бичигдэж үлдсэн түүхийг Шууд.мн сайт цуврал фото нийтлэлээр уншигчдадаа сонирхуулдаг билээ. Энэ удаад хэлж ирдэггүй хийсч ирдэг гал усны гашуун зовлон, дүрэлзэн асах хилэнт улаан дөл хэдхэн цагийн дотор мөсөн хонгил болсон үйл явдлыг гэрэл зургаар сонирхуулья. Өнгөрөгч лхагва гаригийн орой АНУ-ын Чикаго хотын өмнөд дүүрэгт гарсан том хэмжээний гал оршин суугчдыг сандаргасан юм. Гал сөнөөгчид тэрхүү хуйлран асах хүчит улаан галыг дарахын тулд бүхий л хүч чадлаа дайчлан ажилласны дүнд дүрэлзсэн галд автсан байшинг мөсөн өргөө болгож орхисон юм. Гал гарсан байшин олон жилийн турш эзэнгүй байсан агуулах ажээ. Энэ долоо хоногт АНУ-ын зарим мужууд цасан шуурганд автаж, цаг агаар тун таагүй байсан. Гал сөнөөгчид бусад байшингууд руу гал авалцуулахгүйн тул байдаг хүчээ шавхан ажиллаж тонн тонноор нь ус болон галын хор шүржээ. Гадаа хүйтний эрч чанга байсан учир шүршиж буй ус тэр дороо хөлдөж, байшин бүхэлдээ дарайсан мөс болж хувирсан байна. Галд автсан байшин, түүний ойролцоох усанд норсон мод бут, машин хүртэл зузаан мөсөнд хучигдсан байв.
Гал усны дайн гэгчийг тэндээс харж болно. 200 гаруй гал сөнөөгчид галын стратегийг баримтлан ажилласны үр дүнд хэдэн цагийн дотор галыг тархаалгүй унтрааж чадсан байна.
Хачирхалтай мэдээлэл дуулгахад гадаа ердөө -9 градусын хүйтэнтэй байсан аж.
Чикаго хотод ийм их хэмжээний гал ойрын хугацаанд гараагүй бөгөөд ийнхүү мөсөн хонгил болж байсан түүх ч үгүй.
Зүгээр нэг амьгүй эд зүйлс хөлдөөд зогсохгүй гал сөнөөгчдийн өмссөн хувцас, дуулга хүртэл хөлдөж байжээ.
Галын дөл намжиж, уур цан орчин тойрныг бүрхсэн байдалтай харагдаж байна.
Мөсөн хонгил болсон энэ агуулахад тавхан цагийн өмнө улаан гал дүрэлзэж байсан юм.
Энэ барилга нураагдах барилгын тоонд аль хэдийнэ орсон байжээ. Мөс хайлж дулааны улирал залгахад балгасыг буулгах гэнэ.
Галд өртсөн энэ хэсэг жинхэнэ мөсөн хотхоныг санагдуулж байна.
Гал хэдийгээр гадаад хэсэгтээ унтарсан байсан ч сөнөөгчид байшингийн доторхи галыг унтраах ажиллагаа явуулсаар байв.
Гал сөнөөгчид цаашид дахин гал гарч уугиж болзошгүй хэмээн сэрэмжилж, дотоод галыг унтрааж буй байдал.
Халуун хүйтэн харшилдаж хотын өмнөх хэсгийг уур цана бүрхжээ.
Галын аюул дарагдаж бүх зүйл мөсөн хучлаганд автсан байдал. Гал сөнөөгчдийн том машин хүртэл таг хөлдсөн байна.
Мөсөнд хучигдсан машиныг цаг агаар дулаарахаас нааш хөдөлгөж чадахгүй нь бололтой.
Байшингийн хана бүхэлдээ мөсөөр урласан мэт болсон байна.
Галын үеэр агуулахын ойролцоо зогсож байсан ачааны тэрэгний толгой ийнхүү мөсөнд хучигдаж гайхалтай төрхтэй болж хувирчээ
Чикаго хотын Гал командын дэслэгч Чарли де Исус мөсөөр хучигдсан агуулахын ойролцоо алхаж явна. Магадгүй энэхүү галын аюул түүний насандаа үзсэн хамгийн томоохон, бас аюултай нь байсан болов уу.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ