Бүх оддын тоглолтын нөөц бүрэлдэхүүн тодорлоо
Жеймс Харден, Жоаким Ноа нар анх удаа NBA-гийн Бүх оддын тоглолтод оролцохоор болсон тухай тус лигийн албан ёсны вэб хуудаснаа мэдээллээ. Лигийн 30 багийн ахлах дасгалжуулагч нарын саналыг үндэслэн урд шөнө “Өрнөд” болон “Дорнод” бүсийн нөөц бүрэлдэхүүнийг зарлажээ.
“Өрнөд”-ийн үндсэн багийн (Кобе Брайант (Лейкерс), Крис Пол (Клипперс), Кевин Дюрант (Оклахома-Сити), Блэйк Гриффин (Клипперс), Дуайт Ховард (Лейкерс)) сэлгээнд хамгаалагч Жеймс Харден (Клипперс), Рассел Уэстбрук (Оклахома-Сити), Тони Паркер (Сан-Антонио), довтлогч-төвийн тоглогчоор Дэвид Ли (Голден Стэйт), Тим Данкан (Сан-Антонио), Зак Рэндольф (Мемфис), Ламаркус Олдриж (Портленд) нар багтлаа. Харин “Дорнод” бүсийн шигшээд Ражон Рондо (Бостон), Дуэйн Уэйд, Леброн Жеймс (хоёул “Майами”), Кармело Энтони (Нью-Йорк), Кевин Гарнетт (Бостон) нарын гарааны тавтын нөөцөнд хамгаалагч Кайри Ирвинг (Кливленд), Жру Холидэй (Филадельфи), довтлогч-төвийн тоглогч Пол Жорж (Индиана), Луол Денг, Жоаким Ноа (хоёул “Чикаго”), Тайсон Чэндлер (Нью-Йорк), Крис Бош (Майами) нар тоглохоор болжээ. Оддын шигшээ багийн дасгалжуулагчийн нэр хоёрдугаар сарын 3-нд тодорч, Бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 17-нд Хьюстон хотын “Toyota Center” ордонд болох юм.
Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ