
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд санал дүгнэлтээ хэлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга "УИХ-ын гишүүд Засгийн газарт давхар ажиллаж байгаа нь чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй байх шалтгаан болдог. Бидэнд ирцээ хангалттай бүрдүүлэх арга бол УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүн байхыг болиулах. Үүнийг АН эхлүүлэх ёстой" " гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Дээрээ суудлаа олохгүй бол, дороо гүйдлээ олохгүй гэсэн үг байдаг. Парламентын төлөвшил гэж байх ёстой. Засгийн газрын гишүүд гурван байнгын хороонд харъяалагдаж байна. Мөн амралтын өдрүүдэд Засгийн газар хуралдаж байна. Хөөрхийс хоёр эхнэртэй юм шиг, гутал нь хавчсан юм шиг л хавчигнаад гүйгээд байдаг хэцүү байхгүй юу."Сая л гэхэд хүн олдохгүй байгаа юм шиг байнгын хорооны санал дүгнэлтийг Х.Тэмүүжингээр уншуулж байна. Ингэж болохгүй. Сайдаар санал дүгнэлт уншуулахаа больё" гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Засгийн газарт УИХ-ын 20 орчим гишүүн ажиллаж байна. Тэгээд дээрээс нь гурван байнгын хороонд ажиллана гэдэг хэцүү. Ингэхээр УИХ-ын ажил явахгүй байна" гэлээ. Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа санал хураалт явуулж УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи нь буюу 67.3 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд шилжүүллээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ