
Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулснаар дууссан 2011 оны хувьсгалт бослого эхлэсний хоёр жилийн ойг египетчүүд өргөн олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаалд бэлтгэж байна. Бүр өчигдөр пүрэв гаригийн орой нийслэлд онцгой байдлын горим тогтоожээ. Каирын олон улсын нисэх буудлын бүх терминалд аюулгүй байдлыг хангах арга хэмжээг үлэмжхэн чангатгаж, хотын төв дэх парламент, засгийн газар болон ДХЯ, түүнчлэн “Лалын ахан дүүс” байгууллагын төлөөлөгчийн газрын байшинг хамгаалалтад авсан байна.
Хоёр жилийн өмнө дэлхий нийтээр мэдэх болсон Тахрирын талбайн хавьд Каир хотын төв цэргийн хуаранг санагдуулж байна. Юу гэвэл талбайг хашиж, бүх орц, гарцыг төмөр тороор хааж, ойр орчмын гудамжуудад хуягт техник татан ирүүлжээ.
Өчигдрөөс Тахрирын талбайд майхны тоо үлэмжхэн олширч, одоогийн байдлаар нэг зууд дөхөөд байна. Одоогийн эсэргүүцлийн арга хэмжээ нь “Хувьсгалыг буцааж өг” гэсэн уриан дор болох ажээ. 2011 оны нэг-хоёрдугаар сард жагсагчдын амь насыг бүрэлгэсэн гэм буруутай этгээдүүдийг шийтгэх, Хашим Кандилийн засгийн газрыг огцруулахаас аваад, лалынхны одоогийн дэглэмийг зайлуулж, ерөнхийлөгчийн завсрын сонгууль явуулах хүртэл сөрөг хүчин хамгийн янз бүрийн шаардлага тавьж байгаа ажээ.
Хоёр жилийн ойн өмнө гол гол сөрөг намууд болон лалын биш урсгалын залуусыг нэгтгэсэн Улс үндсээ аврах либерал фронт эрх баригчдыг шүүмжилсэн байна. “Улс орны эдийн засгийн байдлыг дордуулж, сая сая хүний зовлон зүдгүүрийг ихэсгэж, эрх чөлөөг үлэмжхэн хязгаарласан” хэд хэдэн ноцтой алдаа гаргасан лалынхныг буруушаажээ. “Эхний хувьсгалын ололтыг лалынхан хулгайлсан” учир хоёр дахь хувьсгал эхлүүлэхийг уриалсан уриа ерөнхийлөгч Мухаммед Мурсийг эсэргүүцэгчдийн эгнээнд улам хүчтэй цууриатаж, сөрөг хүчнийхний зарласан эсэргүүцлийн “тайван” жагсаал эмх замбараагүй байдал болж хувирахыг үгүйсгэхгүй байна.
Үүний сацуу шинээр гарч ирсэн “Египетийн Каида аль-жихад” гэдэг бүлэглэл ерөнхийлөгч болон “Лалын ахан дүүс” байгууллагыг “язгууртны хүчнийхэн болон загалмайтнуудын” аливаа түрэмгийллээс хамгаалахын тулд хүчний арга хэрэглэхээр сүрдүүлжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ