Ш.Батхишиг: Нөөцийн мах бэлтгэлд ОБЕГ-аас хяналт тавьдаг болсон

img

Нийслэлийн иргэдийн махны хэрэгцээнд зориулан бэлтгэдэг нөөцийн мах худалдаанд гараад удаагүй байна. Энэ талаар нөөцийн махны худалдаа бэлтгэлийн асуудлыг хариуцсан менежер, “Жаст Агро” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Батхишигтэй ярилцлаа.   -Нөөцийн махыг ихэвчлэн Цагаан сарын дараа худалдаалдаг уламжлалтай. Харин энэ жил “Цагаан сар 2013” үзэсгэлэнг зохион байгуулж буй газруудад болон дэлгүүр худалдааны төвүүдэд нөөцийн махыг худалдаалж эхэлжээ. Энэ талаар тодруулаач? -Нөөцийг махыг уг нь 3-7 сарын хооронд буюу хавар зах зээл дахь махны нийлүүлэлт ховордсон үеэс эхлэн худалдан борлуулахаар төлөвлөсөн. Гэтэл Монголчуудын сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн иргэдийн махны эрэлт ихэсч, эрэлтийг дагаад үнэ өсөх хандлага ажиглагдаж буй тул нөөцийг махыг Цагаан сарын өмнөх өдрүүдэд түр хугацаагаар борлуулах шийдвэр гарсан юм. Нөөцийн махны худалдаа нь ирэх хоёрдугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд явагдах бөгөөд дараахь цэгүүдээр борлуулалт хийгдэнэ. Тодруулбал, “Хүчит шонхор”, “Хар хорин”, Бэлх захууд, Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа “Мишээл” төв, “АСА” циркэд худалдаалж байна. Мөн Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Амгалан дахь Оргил худалдааны төв, Хан-уул дүүргийн Буянт-Ухаа цогцолборт болох үзэсгэлэн худалдаануудад зарагдаж байгаа. Түүнчлэн Мах маркет, Мах импекс компаниудын нэрийн барааны долоон дэлгүүр, Сонгинохайрхан дүүрэг I хороололд байрлах Макс дэлгүүр, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн Марко дэлгүүр, Сүхбаатар дүүргийн 11-р хороололд байрлах Номин хайпермаркет дэлгүүрүүдэд тус тус худалдаалж байна. -Энэ жилийн нөөцийн мах нэг кг нь хичнээн төгрөөгөөр худалдаалагдаж байгаа вэ? -Энэ удаад жижиглэж савласан махны хувьд үхрийн мах 5900, хонины мах 5700, ямааны мах 4600 төгрөгөөр худалдаалж байна. Харин гулууз болон өрөөл махны хувьд  үхрийн мах 5700, хонины мах 5200, ямааны мах 4200 төгрөгөөр тус тус худалдаанд гаргаж байгаа. Жижиглэнгийн үнэ нь зах зээл дээрхи жижиглэнгийн үнээс 600-900 төгрөгөөр хямд байгаа. Мөн бид цагаан сарын бууз баншны хэрэгцээнд зориулж хонь ямааны махыг гулууз хэлбэрээр, үхрийн махыг өрөөл буюу 10 кг-аар савлаж бэлтгэсэн байдлаар худалдаалж байна. Үүнийг хүмүүст хүртээмжтэй хүргэх, дахин гар дамжуулахгүй байх зорилгоор худалдан авагч бүрээр бүртгэл хөтөлж худалдаалж байгаа. -Ирэх сарын 8-наас нөөцийн махны худалдаа зогсох юм байна. Хоёр дахь худалдааг хэзээнээс эхлүүлэх вэ? -Улаанбаатар хотын хэмжээнд гуравдугаар сараас эхээс эхлэн нөөцийн махны худалдааг үргэлжлүүлнэ. Нөөцийн махыг иргэдэд жигд хүртээмжтэй хүргэх үүднээс Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 300 гаруй дэлгүүр, борлуулалтын нэгжээр борлуулна. Эдгээр 300 гаруй нэгжийг Нийслэлийн Захирагчийн албатай хамтран сонгох бөгөөд сонгосон дэлгүүрүүдийг олон нийтэд хоёрдугаар сардаа багтаан мэдээлэх болно. Эдгээр цэгүүдээр 3-7 дугаар сарыг дуустал хугацаанд борлуулах нөөцийн махны тоо хэмжээг мөн нээлттэй мэдээлнэ. Энэ жилийн нөөцийн махны борлуулалтанд “нөөцийн махны ваучер” буюу эрхийн бичиг гэсэн шинэ хэлбэр нэвтрүүлж, турших гэж байгаа. Иргэд энэхүү ваучер буюу мах худалдан авах эрхийн бичгээр тогтоосон дэлгүүрүүдээс нөөцийн махыг худалдан авах эрхтэй болох бөгөөд энэ нь өмнө нь гардаг байсан нөөцийн мах ченжүүд болон гуанз ресторанд очих биш зорилтот зах зээлдээ хүрч буй эсэхийг хянах хэрэгсэл болно гэж үзэж буй. -Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан энэ жил хэдий хэмжээний нөөцийн мах бэлтгэсэн бэ?   -Энэ жил 14 мянган тонн мах борлуулагдахна. Үүнээс одоогийн байдлаар 9 мянган тонн орчим мах бодитоор бэлтгэгдээд байна. Ирэх сард үлдсэн махаа бэлтгэчихэж амжина. Энэ жилийн нөөцийн мах бэлтгэлийн хөтөлбөр нь мах бэлтгэх болон мах хадгалах, худалдан борлуулах үйл ажиллагаануудыг тус тусдаа бие даасан этгээдүүдээр гүйцэтгүүлж, эдгээр нь бие биендээ хяналт тавьж ажилладаг болсон. Мөн ОБЕГ-аас томилогдсон Улсын нөөцийн нярав ажиллаж байгаа тул нөөцийн мах нь бодитойгоор бэлтгэгдэж, нөөцийн махны зооринд хадгалагдаж байгаагаараа онцлогтой. Урд жилүүдэд 10 -12 мянган  тонн мах нөөцөд борлуулсан гэсэн мэдээ байдаг ч яг үнэндээ зах зээлд хэдий хэмжээний мах бодитойгоор нийлүүлэгдсэн бэ гэдэг тоо, баримтын хувьд  асуудалтай л байсан. Тэгэхээр магадгүй зах зээлийн жинхэнэ эрэлт нь 10, эсвэл 8 мянган тонн байхыг ч үгүйсгэхгүй. Үүнийг ч харгалзаад бид үлдсэн мах бэлтгэлээ жаахан харзнаад байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

халиун:
нөөцийн махаа хангалттай зараачээ,өнгөрсөн жил зарж чадаагүй хэдэн тн хэдэн тербум төгрөгийн мах муутгасан гэж энд бичээд байна энэ юу болж байна хотын захиргаа бүх дэлгүүрт хангалттай хуваарь хийгээчээ
2013-01-26
халиун:
хан уул дүүргийн 2хорооны хөшөөтэй буудлын арын нэгэн шар дэлгүүрт мах импекс гэсэн машин шуудайтай мах буулгаж өгч байхын нөөцийн махуу гэхээр үгүй гээд тэр шуудайтай задгай махаа үнэ нэмээд зарж байх юм энэ ямар учир байна бүтэн мах 1кг нь/хонь/ 5900-5200 / байх юм
2013-01-26
Зочин:
Нөөцийн махыг яг ийм үед бэлтгэж өөрсдөө хомсдол үүсгээд үнээ нэмдэг түүнийгээ борлуулдаг бизнес яваад байна гэж хэлээд байхад шуналтангууд зүтгээд байх юм. 10 гаруй мянган тонноор нь улс худалдаад авчихаар хомсдол үүснэ биз дээ. Хаврын 3 сар аргалахад шинэ махтай золгоно. Гэдсээр хүртэл борц хийгээд аргална. Битгий оролцооч. Харин экспортыг зогсоох хэрэгтэй.
2013-01-25
зочин:
мах нөөцлөх гэж мах авсанаарай зах дээр махны нийлүүлэлтийг багсагаж баина наад мах нөөцлөн гэдэг чинь хавар амьдын жингээр нь авч намар нөөцөлдөг болихоос одоо ард иргэдтэйгээ уралдаж мах нөөцлөн гэж юу баисан юм 14 мянган тонн мах бэлдэнэ гээд хотруу орж ирэж баигаа махыг хамчихаар чинь махны үнэ өсөлгүй яах вэ дээ төрд баигаа тэнгүүдээс яаж салан даа
2013-01-25
buya:
turuus maxig untei bolgox bodlogo bariad bigaa bishuu?tsirkiin gadaa nuutsiin max gesen nertei zovlogo zaraad baij baina! boliosoi!
2013-01-25