
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудад Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийжээ. Шалгалтын ажлын хэсгийн тайланг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан дээр удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулжээ. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр төвийн зургаан дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудаас “Улаанбаатар хотын өмнө хүлээх үүрэг хариуцлагын гэрээ”-ний үүргийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн байна.
Улаанбаатар хотын өмнө хүлээх үүрэг хариуцлагын гэрээний нэг тал болох дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд нь хариуцсан дүүргийн нутаг, дэвсгэрийг хоггүй байлгах, үйл ажиллагаандаа шинэ менежмент, шинэ технологи, шинэ арга барил нэвтрүүлэх замаар ажил үйлчилгээний чанар, шуурхай байдлыг хангах, харин нөгөө талууд хувьчлагдсан компаниудыг дэмжих үндсэн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бололцоогоор хангах үүргүүдээ хангалтгүй хэрэгжүүлж, хувьчлагдсанаас хойшхи дөрвөн жил шахам хугацаанд орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулахад өөрчлөлт гаргаагүйн улмаас ашиггүй ажиллаж байна гэж үзжээ.
Мөн нийслэлийн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, гэр хороолол,орон сууцны болон албан байгууллагын хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг мэргэжлийн хувьд гардан гүйцэтгэж байсан, хөрөнгө санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан аж ахуй бүхий төвийн 6 дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудын хувьчлалыг Төрийн өмчийн хороотой зөвшилцөлгүй гүйцэтгэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2.3-д Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж заасныг“ зөрчсөн нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 1.3-д тодорхой объектыг Төрийн өмчийн хорооны шийдвэргүй хувьчилсан бол хувьчлалыг хүчингүйд тооцох үндэслэл болж байгааг онцлон хэллээ.
Шалгалтын явцад дээрх 6 байгууллагыг доод үнээс доогуур худалдсан буюу хувьчлахыг зөвшөөрөлгүй эд хөрөнгө оролцуулан авсан, худалдан авагчид хуульд зааснаас илүү хөнгөлөлт, давуу эрх олгосон зэрэг зөрчил илэрсэн учраас хувьчлалыг хүчингүйд тооцох бүрэн үндэслэлтэй гэж ажлын хэсэг дүгнэжээ. Дүнг сонсоод удирдлагын зөвлөлийн гишүүд, холбогдох хууль тогтоомжийг илтэд зөрчин шийдвэр гаргасан байдлыг хууль хяналтын байгууллагад шалгуулах ёстой. Төрийн өмчийг хувьчлахдаа хууль зөрчсөн нь улсын өмчийг шамшигдуулсан эргүүийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учраас зохих журмын дагуу шалгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ