Хэдийгээр энэхүү мэдээлэл нь манай улсаас алс хол Өмнөд Америк тивд орших Чили улсад болсон үйл явдлынх хэдий ч анхаарууштай, сургамж болохуйц мэдээлэл юм. Улаанбаатар хотын ундны цэвэр усны цор ганц эх үүсвэр болсон Туул гол маань жилээс жилд бохирдож, татарсаар байгаа билээ.
Чилийн нийслэл Сантъяго хотын ундны усны эх үүсвэр болсон Майпо гол бохирдсоноос олон сая хүн ундны усны хомсдолд ороод байгаа аж. “ВВС” агентлагийн мэдээлснээр Сантъяго хотын дундуур урсдаг, Андын нуруунаас эх авдаг Майпо гол хөрсний нуралтын улмаас бохирдож, шавар шавхайгаар дүүрчээ.

Одоогийн байдалаар нийслэлийн 21 дүүргийн хоёр сая гаруй хүн ундны усны хомсдолд нэрвэгджээ. Үүнээс үүдээд албаныхан цэвэр ус ихээр хэрэглэдэг зарим үйлдвэр, байгууллагуудын үйл ажиллагааг албан хүчээр хаах арга хэмжээ авчээ. Мөн усны хомсдолын улмаас Сантъяго хотод үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан, кафе зэрэг газрууд хаалгаа барьж эхэлсэн аж.
Хотын албаныхан оршин суугчдыг ундны цэвэр усаар хангахын тулд усны нөөцлүүр савыг дүүрэг бүрт хуваарилан хүмүүст худалдаж байна. Албаныхны мэдээлснээр одоо тус улсад зуны улирал ид дундаа орж, агаарын температур цельсийн +30 хэм хүрснээс хүмүүсийн дунд усны хэрэгцээ их байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа аж.

Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ