О.Насанбурмаа И.Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүллээ

img

Олимпийн хошой аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” олон улсын тэмцээн 26 дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотод өчигдөр эхэллээ. “Ярыгиний тэмцээн нь хүчтэнүүдийн эх орон” уриатай болж байгаа энэ оны тэмцээнийг Бүх Оросын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээнд ОХУ-аас 78 бөх, тэрчлэн АНУ, Беларусь, БНСУ, Казахстан, Камерун, Иран, Итали, Латви, Монгол, Перу, Сенегал, Тажикистан, Турк, Узбекистан, Украин, Чад, Япон зэрэг нийт 19 орны эрэгтэй 187, эмэгтэй 86 бөх, тэдний дотор олимпийн аварга 4, олимпийн медальт бөх 6, дэлхийн аварга 13 өрсөлдөж байна. Тус тэмцээний шагналын сан нь 150 мянган ам.доллар ажээ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 55, 74, эмэгтэй 51, 59, 67 кг-ийн жингийн бөхчүүдийн  барилдаан боллоо.

Эрэгтэй 55 кг-ийн жинд олимпийн аварга Ж.Отарсултанов, дэлхийн хошой аварга В.Лебедев нар барилдахаар нэрээ өгсөн ч тодорхой шалтгаанаар зодоглосонгүй, энэ жинд барилдсан дэлхийн залуучуудын аварга Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт Тажикийн Н.Ноевт, 74 кг-ийн жинд зодоглосон Б.Нямбаяр Японы бөхөд дийлджээ.

Харин манай эмэгтэй бөхчүүд сайн барилдаж Гавьяат тамирчин О.Насанбурмаа жин өгсөн 67 кг-ийн жинд алтан медаль авав. О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо/ 2008 онд Япон улсад болсон ДАШТ-нд хүрэл медаль авахдаа 67 кг-ийн жинд барилдаж байсан билээ. Мөн энэ жинд шилжин орсон манай олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/ хүрэл медаль хүртжээ. 59 кг-ийн жинд саяхан улсын аварга цол хүртсэн залуу бөх олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо/ хоёр ялж хоёр удаа медалийн төлөө барилдаад дийлдсэн байна.

59 кг-ийн жинд түрүүлсэн Буриадын бөх Жаргалмаа Цыренова нэгдүгээр тойрогт манай бөх Б.Шоовдор, мөнгөн медалийн төлөө барилдаанд С.Цэрэнчимэдийг дийлсэн байна. Тэрбээр “Та Монголын хоёр бөхийг дийлсэн, тэднийг ялахад хялбархан байна уу” гэж сурвалжлагчийг асуухад “Би бяцхан заль хэрэглэсэн, би монгол хэл мэдддэг болохоор дасгалжуулагч нар нь юу гэж хэлж байгааг нь ойлгож байсан” гэжээ.

Эмэгтэй

51 кг: 1.Татьяна Аманжол /Казахстан/ 2.Екатерина Краснова /ОХУ/ 3.Марека Сидоте /Япон/, Юлия Благиня /Украин/

59 кг: 1.Жаргалма Цыренова /ОХУ/ 2.Анна Половнева /ОХУ/ 3.Светлана Липатова /ОХУ/, Аяко Ито /Япон/

67 кг: 1.Очирбатын Насанбурмаа /Монгол/ 2.Йошико Иноүэ /Япон/ 3.Юлия Бартновская /ОХУ/, Шархүүгийн Түмэнцэцэг /Монгол/

Эрэгтэй

55 кг: 1.Артём Гебеков /ОХУ/ 2.Саидула Газимагомедов /ОХУ/ 3.Базар Жалсапов /ОХУ/, Марисита Румитака /ОХУ/

74 кг: 1.Аниуар Гедуев /ОХУ/ 2.Саба Хубежты /ОХУ/ 3.Кахабер Хубежты /ОХУ/, Расул Жукаев /ОХУ/

Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 55, 63, 72 кг-ийн жингийн барилдаан болно, Ц.Энхжаргал, С.Батцэцэг, О.Бурмаа нарын гурван эмэгтэй Гавьяат тамирчин дэвжээнд гарна. 60 кг-ийн жинд 32 бөх барилдаж байгаагийн дотор нэгдүгээр тойрогт олон улсын хэмжээний мастер Б.Баянмөнх /”Гацуурт-Олимп” сургууль/ оросын бөх Рустам Муразов, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар /”Алдар” спорт хороо/ Аслан Докаевтай, 66 кг-ийн жинд 36 бөх барилдаж байгаагийн дотор Б.Батмагнай /”Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт оросын бөх Роланд Ондартай оноолт таарсан байна.

Ө.Сайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

soko:
amjilt husie
2013-06-28