Бразил улсад шөнийн клубт гал гарч, 232 хүн амь үрэгджээ

img

Бразил улсын Санта-Мария хотын  “Kiss”  шөнийн клубт  гал гарснаар 232 хүн амь үрэгджээ. Эндхийн цагдаагийн байгууллага энэ тодруулсан тоо баримтыг ням гаригт тараасан байна. Олонхи хүн шахцалдаанд дарагдсан юмуу утаанд бүтэж амь насаа алджээ. Амь үрэгдэгсдээс 120 нь эрэгтэй, 112 нь эмэгтэй байжээ. 131 хүнийг хотын эмнэлгүүдэд хүргэснийг мэдээлж байна. Санта-Мария хотын шарил хадгалах газар  ийм олон хүний  цогцосыг хүлээн авч хүчрэхгүй байгаа  учир, эндхийн нэг спортын заалыг шарил түр хадгалах газар болгожээ. Санта-Мария хотын улсын их сургуулийн оюутнууд цугларсан дискотекийн ид үед орон нутгийн цагаар өглөөний гурван цагийн орчимд гал гарсан байна. Амьд гарсан хүмүүсийн хэлснээр, тайзнаа пиротехникийн шоу  явуулсны дараа  хөгжмийн хамтлагийг тоглож байх үед гал гарчээ. Оч үсэрснээс болоод таазны  дуу тусгаарлагч шатсан байна.  Пиг дүүрэн  танхимд  хүмүүс үймэлдэж, шахцалдаан үүсчээ.  Тэр агшинд шөнийн клубт янз бүрийн мэдээгээр, 500-гаас хоёр мянган хүн байсан байж болох ажээ. Клубт  ослын үед ашигладаг ганцхан нөөц хаалга байсан бөгөөд тиймээс гал сөнөөгчид дотор түгжигдсэн хүмүүсийг гадагш гарахад нь туслахын тулд ханыг эвдэхэд хүрсэн байна. Бразилын ерөнхийлөгч Дилма Русеф  шөнийн клубт гал гарах үеэр амь үрэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөдтэй уулзжээ. Төрийн тэргүүн Чилид хийж байсан айлчлалаа орхин, эмгэнэлт явдал болсон газарт яаралтай ирсэн байна. Санта-Мария хотод 30 өдрийн гашуудал албан ёсоор зарлажээ. Амь үрэгдэгсдийн олонхи нь 16-20 хүртэл насны залуус байсан байна. Бразилд болсон эмгэнэлт явдал нь 2009 онд оросын Пермь хотын “Хромая лошадь” клубт гарсан галыг санагдуулж байна. Тэгэхэд 156 хүн амь үрэгдсэн юм. Пиротехник хэрэглэсэн нь мөн л гал гарах шалтгаан болсон бөгөөд хүмүүс үймэлдэн сандарч, ослын үед гарах хаалга байгаагүйгээс болж  олон хүн амь үрэгдсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

диско:
монголын диско клуб нэртэй яаашка борлуулдаг цэгүүд мэдээж хариуцлага муутай байгаа. Энэнээс сургамж авах сэтгэл ч дутна. Эзэд нь гэж мөнгөний төлөө нүд нь улайсан гарууд.
2013-01-28
hi:
ih nargij tsengehrr tegdgiim da
2013-01-28
777:
манай дураакууд юм бодож байгаа болов уу
2013-01-28