Их цэвэрлэгээнд 6406 хүн оролцжээ

img

Монголын уламжлалт “Цагаан сар”-ын баярыг хоггүй угтаж, иргэдийн ая тухтай амарч, баярлах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу өнгөрөгч бямба гаригт дүүргүүд их цэвэрлэгээнд гарсан юм. Баянзүрх дүүргийн хувьд тус дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллга, албан газрууд, СӨХ, хороод бүгд их цэвэрлэгээний ажилд оролцжээ. Цэвэрлэгээнд Ерөнхий боловсролын  11 сургууль, найман  их дээд сургууль, 18 цэцэрлэг, 61 СӨХ, 84 төрийн байгууллагын ажилтан албан хаагч бую нийт 951 аж ахуйн нэгж байгууллагын 6406 хүн оролцсон байна. Мөн Нийслэлийн Хот тохижилтын газраас 10 машин, “Баянзүрх Тохижилт” ХХК-ын 28 машин 1 ковш, орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний газраас 17 машин, нийт  55 хог тээврийн машин ажилласан аж. Аж ахуйн нэгж байгууллага, Их дээд болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, төрийн байгууллагууд орчныхоо 50 м газарт болон нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ хийж дүүргийн хэмжээнд нийт 132030м2 талбайн 419 тн хог болон цасны хар улыг 93 рейсээр цэвэрлэж тээвэрлэжээ. Цэвэрлэгээнд “Баянзүрх тохижилт” ХХК-ийн 45 зам талбайн үйлчлэгч ажиллаж, авто зам болон явган хүний замын 8000м2 талбайн  цас, мөсийг  цэвэрлэн дөрвөн машинаар 14 удаагийн рейс хийж 40 тн цасны хар улыг авч автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэсэн байна. Энэ үеэр Энхтайваны өргөн чөлөө, Намьяанжугийн гудамж, Их тойруугийн гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөө,Ултиастай, Шар хад, Дамдинсүрэнгийн гудамж, Дандарын гудамж, Нарны зам, Дарь эх Ботаникийн эцэс, Баянмонгол хорооллын явган хүний замын цас мөсийг бүрэн арилгасан байна. Цэвэрлэгээнд Офицер худалдааны төв, Физик технологинй хүрээлэн, Хэл зохиолийн хүрээлэн, 59, 122 дугаар цэцэрлэг, Эрэл банк,  Хөх нуруут төв, Тэргүүн орд ХХК,  Модун ХХК, Сэрж интернейшнл ХХК, Гүн молор ХХК, НИК Петровис ХХК, Хууль сахиулахын их сургууль, Well mart, Номин холдинг ХХК, Их ноёд ХХК, Батбайгаль ХХК, КТМС, Номин Оол март ХХК, Нар мон ХХК, 032 дугаар анги, Цэргийн төв эмнэлэг, Их засаг их сургууль, Стандарт хэмжил зүйн үндэсний төв, Лүнда ХХК, Да хүрээ трейд ХХК, Итгэл худалдааны төвүүдийг дурдаж болох бөгөөд харин бүх нийтийн ажлаас хойш сууж гараа хумхиж суусан газрууд бол Нийтийн тээврийн газар,  БЗД-ийн шүүх, Цайз авто угаалга, APPLE супермаркет, Хаан банк, Орос 14 дүгээр сургууль, Үндэсний бууз,  Тайгер пивоны үйлдвэрийн ажилтан албан хаагчид цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцжээ. Энэхүү ажилд дүүргийн иргэд ч идэвхитэй оролцож 13 дугаар хорооны 551Б байрны  дэргэд үүссэн хур хог,  9 дүгээр хороо эмнэлэгийн ажилчдын байрны үүсмэл хогийн цэг , 12  дугаар хороо 69 айлын хогийн цэг , 10 дугаар хороо Улиастайн голын ай сав, 11 дүгээр хорооний үүсмэл хур хог, 11 хорооны нэгдүгээр хэсгийн 18 айлын  орон сууцны дэргэд үүссэн хог, 28 дугаар хороо Хужирбулангийн 4 дүгээр хэсгийн үүсмэл хур хогийн цэгүүдийг тус тус ачиж тээвэрлэсэн  байна. Харин дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс найман улсын байцаагч, хоёр хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарын хамт цэвэрлэгээний явцад хяналт тавьжээ. Ингэснээр найман аж ахуйн нэгжид Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж 18 аж ахуйн нэгж байгууллага, 12 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөрчил гаргасан гурван байгууллагад хуулийн дагуу 621 200 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Их цэвэрлэгээ ирэх Бямба гаригт дахин хийгдэнэ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ