Теннис: Н.Жокович, В.Азаренка аваргаа хамгааллаа
Газрын теннисний “Их дуулга” – ын энэ оны анхны тэмцээн “Australian Open” Австралийн Мельбурн хотноо амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэ жилийн тэмцээний шагналын сан өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн бөгөөд нийт 30 сая австрали доллар болжээ. Ганцаарчилсан төрөлд түрүүлэхэд 2 430 000 австрали $, дэд байрт орвол 1 215 000 австрали $ - ын шагнал хүртэнэ. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Дэлхийн №1, өнгөрсөн жилийн аварга Белорусийн Виктория Азаренка, 2011 оны “Ролан Гаррос” – ын аварга Хятадын Ли На нар финалд шалгаран үлдэж 4:6, 6:4, 6:3 – аар В.Азаренка хожиж өнгөрсөн жилийн аваргаа хамгаалж чадлаа. Тэрбээр өөрийн карьер дахь 2 дахь “Их дуулга” – ын цомоо ийнхүү хүртлээ.
Харин эрэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Их Британий Энди Мюррэй алдарт Р.Федерертэй хүндхэн тоглолт хийн таван сет тоглосноос 6:4, 6:7, 6:3, 6:7, 6:2 – аар ялалт байгуулж, финалд шалгарлаа. Финалд түүнийг “Australian Open”- ий 3 удаагийн аварга, Дэлхийн №1 Сербийн Н.Жокович хүлээж байлаа. Ингээд 4 цаг гаруй үргэлжилсэн уг тоглолтонд 6:7, 7:6, 6:3, 6:2 – аар Серб залуу бүх талаар илүүрхэн хожиж, сүүлийн 3 жил дараалан “Australian Open” – ий аваргаар тодорлоо.
Н.Жокович 2008, 2011 – 2013 оны “Australian Open”, 2011 онд “Wimbledon”, “US Open” – д тус тус түрүүлснээр “Их дуулга” – ын 6 түрүүтэй болоод байна.
Э.Баттөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ