
НҮБ-ын зүгээс Хойд Солонгосын пуужин хөөргөхийг олон удаа хориглож байсан ч тус улс өнгөрсөн арванхоёрдугаар сард санасандаа хүрсэн. Өмнөх шуугиан дарагдаагүй байхад Хойд Солонгос гурав дахь цөмийн туршилтаа эхлүүлэхээр мэдэгдэж үүнтэй холбоотойгоор олон янзын мэдээллүүд тарж байгаа. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг хоригийг чангатгах шийдвэр гаргасан. Харин Хойд Солонгос өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын эсрэг чиглэсэн цөмийн туршилтыг дээд төвшинд хийхээ хэмээн мэдэгдсэн.
Энэ явдлын дараа Хойд Солонгосын тал хэрэв Өмнөд Солонгос НҮБ-ын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, оролцвол тус улсын эсрэг бодитой хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун зэвсэгт хүчнийхээ удирдлагуудтай уулзаж цөмийн зэвсгийн туршилттай холбоотой яриа өрнүүлсэн тухай тус улсын “Rodong Sinmun” сонинд нийтэлжээ. Түүнчлэн тус нийтлэлд “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл бидэнд ямар ч сонголт үлдээсэнгүй” гэж бичсэн байна. Энэ тухай сонин хэвлэлүүдээс гадна Хойд Солонгосын төв телевизээр ч нэвтрүүлсэн байна.
Одоогоор дээрх арга хэмжээ нь чухам юуны талаар өгүүлж буй, ямар учиртай талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл алга, таамаглалууд л хүчтэй яригдсаар байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ