У Бангуо албан ёсны айлчлал хийнэ
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо

Ноён У Бангуо 1941 онд Аньхуй мужийн Фэйдун хошуунд төрсөн, хан үндэстэн. Цинхуа их сургуулийн Радио электроникийн факультетийг төгссөн. Тэрбээр 1964 онд ХКН-д элссэн бөгөөд 1966 оны 9 дүгээр сараас хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1967-1976 онд Шанхай хотын Чийдэнгийн гуравдугаар үйлдвэрт ажилчин, техникч, техникийн салбарын орлогч дарга, дарга, 1976-1978 онд үйлдвэрийн Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, үйлдвэрийн хувьсгалт хорооны орлогч дарга, үйлдвэрийн орлогч дарга, үйлдвэрийн дарга, 1978-1981 онд Шанхай хотын электрон сэлбэг хэрэгслийн компанийн орлогч захирал, Шанхай хотын Чийдэнгийн компанийн орлогч захирлын алба хашиж байжээ.
Улмаар 1981-1983 онд Шанхай хотын Багаж төхөөрөмжийн үйлдвэрлэл, харилцаа холбооны удирдах газрын Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, 1983-1985 онд Шанхай хотын Намын хорооны Байнгын хорооны гишүүн, хотын Намын хорооны шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, 1985-1992 онд Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын Намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллажээ.
Тэрбээр 1992 оноос ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүнээр тасралтгүй сонгогдож ирсэн бөгөөд 1992-1994 онд Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга, 1994-1997 онд ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, 1997-1998 онд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, 1998-1999 онд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд ХКН-ын Төв Хорооны том аж ахуйн нэгжийн асуудал эрхэлсэн хэлтсийн нарийн бичгийн дарга, 1999-2002 онд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Төрийн Зөвлөлийн намын удирдах бүлгийн гишүүн бөгөөд ХКН-ын Төв Хорооны том аж ахуйн нэгжийн асуудал эрхэлсэн хэлтсийн нарийн бичгийн даргаар ажиллаж иржээ.
Ноён У Бангуо 2003 оны гуравдугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргаар сонгогджээ. Улмаар 2008 онд Байнгын хорооны даргаар улиран сонгогдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ