
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдид өчигдөо хуралдаж гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох тухай асуудлыг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулах асуудлыг хэлэлцжээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын захирамжаар гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтөд эхний ээлжинд орохоор төлөвлөгдсөн газрын иргэдтэй уузлан, санал авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг тухайн төлөвлөлтөд орох хороод дээр явуулж, хэлэлцүүлэгт орсон иргэдийн 80 гаруй хувь нь дахин төлөвлөлтөд орохыг дэмжсэн учраас энэ асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн нэгдсэн хуралдаанаар оруулах эсэхийг шийдвэрлэх юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 184,2 мянган өрх гэр хороололд байгаа бөгөөд эдгээр өрхүүд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нийгмийн дэд бүтцээс алслагдсаны дээр агаарын бохирдлын 70 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байна гэж тэрээр хэллээ. Тиймээс гэр хороололд дахин төлөвлөлт хийж инженерийн шугам сүлжээнд холбон барилгажуулах ёстой гэж үзэж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдсэнээр эхний ээлжинд 42 мянган айл өрх инженерийн байгууламжид холбогдож, хотын агаарын бохирдол 30 хувиар буурах юм
. Гэр хорооллын газрыг гурван хэсэгт бүсчилэн төлөвлөхөөр зураг төслийг боловсруулсан байна. Эхний ээлжийн төлөвлөлтөд Ханын материал орчмын 130 га газар, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Баянхошуун дахь хуучнаар Арьс ширний 120 өрх, Дамбадаржаагийн 58-р сургуулийн орчмын 189 айлыг хамруулсан төлөвлөлт хийхээр урьдчилсан байдлаар зураг төслийг боловсруулжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 72-р сургууль орчмын 15 га газарт 115 айл өрх, 7-р хорооны 11 га талбай, Баянзүрх дүүргийн 8, 16-р хорооны 691 айл өрх гээд шинээр долоо, өмнө төлөвлөгдсөн тав нийт 12 байршилд дахин төлөвлөлт хийж дөрөвдүгээр сараас эхний ажил эхэлнэ гэж Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.
2013 онд НИТХ гэр хорооллын дахин төлөвлөлтөнд зориулж 40 тэрбум төгрөг баталсан бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдад санал тавьж хамтарч ажиллах юм. Гэр хорооллын төлөвлөлтийн ажлыг шинээр байгуулагдаж буй “Гэр хорооллын хөгжлийн газар”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” Улсын үйлдвэрийн газар гэсэн хоёр газар гардан зохион байгуулах юм. НИТХ-ын Тэргүүлэгчид гэр хорооллыг дахин төлөвлөхдөө ирээдүйд хийгдэх дэд бүтцийн ажлыг бодолцож төлөвлөлтөө хийхийг сануулж байлаа. Ингээд НИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Мөн НИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдааныг энэ сарын 31-ний 09.00 цагаас хуралдуулахаар боллоо
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ