Улаанбаатарыг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж байна
УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан Төрийн ордны “А” танхимд болж байна.
Хуралдаанаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
Төлөвлөгөөнд тусгаснаар бол, нийслэлийн хүн амын төвлөрөлтөд нэлээд анхаарал хандуулж ажиллахаар болсон юм байна. Тухайлбал, 2030 онд Улаанбаатар хотын хүн амыг 1.4 саяас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар нийслэлийн хүн ам 1.2 саяд хүрсэн, хүн амын төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотыг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Жишээ нь, Багахангай дүүрэгт тээвэр ложистикийн төв байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийн бүс болгох бол Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулахын зэрэгцээ хүнд үйлдвэрлэлийн төвийг байгуулна гэж үзжээ. Харин Налайх дүүрэгт барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү байгуулах аж.
Мөн гэр хорооллыг барилгажуулах хүрээнд эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэс, Чингэлтэй дүүргийн Долоон буудал орчмыг Дархан-Уул аймгийн адилаар хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргасан байна. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэх аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цолмон, А.Бакей нар яг одоо асуулт асууж, үг хэлж байна.
Харин байнгын хороодын хамтарсан хуралдаан эхлэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, хэлэлцэх асуудлын танилцуулгыг цаг тулган хүлээж авсан учраас долоо хоногоор хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаагаа хэлж байв. УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Цолмон, Х.Болорчулуун нар ч танилцуулгыг оройтуулж тарааж буй талаар саналаа хэлж байсан.
Гэвч УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хотын дарга Э.Бат-Үүл нар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлттэй холбоо бүхий хойшлуулшгүй хийх ажлын талаар тайлбарлан ярьж, таниулснаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтийн асуудлыг гишүүд хэлэлцэхээр болсон билээ.
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Улаанбаатар хотын газар өмчлөлийн өнөөгийн байдал, хотын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн талаар хийж байгаа ажлынхаа тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдээлэл хийх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ