Мексикт нэгэн хамтлагийн гишүүдийн цогцос олдлоо

img

Мексикийн хойд нутгийн Нуэво Леон мужаас нас барсан хүний дөрвөн цогцос олдсон тухай орон нутгийн цагдаа нар мэдээллээ. Тэдгээр нас барсан иргэд долоо хоногийн өмнө ор сураггүй алга болцгоосон бөгөөд цогцос таних ажиллагааны дараагаар тэднийг “Комбо Коломбиа” хамтлагийн залуус болохыг тогтоожээ. Амиа алдсан залуус тоглолт болсон шөнөдөө алуулсан гэж цагдаа нар үзэж байгаа бөгөөд тоглолт дээр өмссөн ижил загварын цамцнуудтайгаа олджээ. Тус хамтлаг хорин гишүүнтэй бөгөөд мөн найман гишүүн нь өнөө хэр ор сурагггүй байгаа аж. Тэдгээр найман залууг ч мөн адил амь насаа алдсан байх хэмээн цагдаа нар үзэж байна. Одоо хэр ор сураггүй байгаа тэдний цогцсыг хүний хөлөөс арай хол зайдуу газар нуусан хэмээн таамаглаж байна. Хамтлагийнхан өнгөрсөн долоо хоногт тоглолтоо тараад дахин бөөнөөрөө уулзалдаагүй аж. Энэ хамтлаг хүний наймаатай ч холбоотой гэх яриа байдаг бөгөөд өмнө нь ч хамтлагийн гишүүд хэрэг холбогдож байсан удаатай. Энэ удаагийн хэрэг явдлыг хар тамхитай холбоотой гэж таамаглаж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг Мексикт энгийн үзэгдэл учир тэднийг хар тамхины наймааны золиос болсон байх магадлалтайг дурджээ. Урлагийнхантай холбогдсон хар тамхины хэргүүд өмнө нь ч гарч байсан бөгөөд хэд хэдэн тохиолдолд амь насаа алдаж байсан аж. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Мексикт 70 мянга орчим хүн хар тамхитай холбоотойгоор амь насаа алдсан гэсэн статистик мэдээлэл бий. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ