
Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас өнөөдөр тус дүүрэгтэй хамтран ажилладаг элчин сайдын яамд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг хүлээн авчээ. Тэд энэ үеэр дүүргийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндийг сайжруулах, дүүрэг, хороодыг хөгжүүлэх, нэн ядуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дүүргийнхээ 20 жилийн ойн медалиар шагнажээ. Тухайлбал, Японы Засгийн газрын “Өвсний үндэс” төсөл, ЖАЙКА, КОЙКА, Япон Монголын нийгэмлэг, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Мянганы сорилын сан, Өнөөдөр сонин, Өдрийн шуудан, MNC телевиз, MN 25 суваг телевиз, TV 8, STAR, SBN, Eagle телевиз, МҮОНР-ийн Хурд агентлаг, Улаанбаатар радио зэрэг байгууллагыг шагнасан байна.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн хөгжил цэцэглэлт болон ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд өсөн бойжих таатай нөхцлийг бүрдүүлэхийн төлөө сайн үйлс бүтээж, өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан гадаад харилцагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд талархал илэрхийлжээ.


П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ