
Япон улсад ажиллаж амьдарч байгаа Монгол туургатнууд ирэх сарын 9-нд Токио хотноо “Монгол туургатнуудын сар шинийн золголт” уулзалт, цэнгүүнийг анх удаа зохиох гэж байна. Цагаан сарын энэхүү золголтонд Японд ажиллаж амьдарч байгаа Монгол, Өвөрмонгол, Буриад, Тува, Халимаг, Хазара... гээд олон Монгол туургатнууд оролцох аж. Мөн дэлхийн бусад улс оронд амьдарч байгаа Монгол туургатнууд ч золголтонд оролцох юм байна. Монгол туургатны цагаан сарын золголтыг зохион байгуулагч Р.Энхтуяа “Ерөнхийлөгчийн олуулаа болох бодлогыг дэмжин Японд ажиллаж амьдардаг Монгол туургатнууд бид анх удаа цагаан сарын золголт зохион байгуулах гэж байна. Монгол туургатнууд бид дэлхийн хаана ч байхгүй дахин давтагдашгүй өв соёл, уламжлал, зан заншил, урлаг тай ард түмэн гэдгээ батлан харуулна. Мөн Монгол туургатан ард түмнүүд хоорондоо танилцах, нөхөрлөх, хамтран ажиллах зорилгыг агуулан энэхүү арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна” гэлээ. Жилээс жилд өргөжин хүрээгээ тэлэх энэхүү арга хэмжээг дэмжин www.mongoltuurgatan.com цахим сонин Японд болох Монгол туургатны цагаан сарын золголтын тухай тогтмол мэдээлэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ