
Хятадын зүүн хэсгийн хотууд болон нийслэл Бээжин хотын орчмыг бүрхсэн утаа ихсэж нислэгүүдийг цуцлах хэмжээнд хүрээд байгаа тухай Асошейтэд Прэсс агентлаг мэдээлж байна. Утааны хэмжээ ихсэж, харагдах орчин нэн хязгаарлагдсанаас 100 метрээс цааш орчин харагдахгүйд хүрчээ. Тиймээс Бээжин түр хугацаанд үйлдвэрүүдээ хаах, машинуудыг багасгах хүртэл арга хэмжээ авч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Бээжинд 103 томоохон үйлдвэр байгаа юм. Тэдгээр үйлдвэрүүдээс ялгарч буй утаа нь их хэмжээний хортой утаа ялгаруулж байгаа.
Одоогийн бодит нөхцөл байдал дээр Бээжин хотын сааралтсан өтгөн цайвар утаанд бүрхчихээд байна. Гудамжны болон байрнуудын гэрлүүд орчин тойрныг сайн гэрэлтүүлж чадахгүй байгаа юм. Мөн утааны хэмжээ нэлээд хортой, хүний эрүүл мэндэд хөнөөл учруулж болзошгүй хэмжээнд хүрсэн тухай албаныхан мэдээлж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэл Бээжин хотын агаарын бохирдол бусад хотуудтай харьцуулахад даруй 20 дахин их байгааг хэлжээ. Утаа ихтэй ийм агаараар амьсгалахад хүн нэг куб метр агаараас 526 микрограмм угаарын хий биедээ шингээдэг гэнэ.
Нислэг цуцлахтай холбоотойгоор ачаалал нэлээд ихэсч байна. Учир нь Цагаан сарын баяр болж, хүмүүсийн айлчлал ихсэж байгаатай холбоотой. Одоогийн байдлаар нийтдээ 100 гаруй нислэг энэ өдрүүдэд цуцлагджээ. Цагаан сараар дунджаар арван гаруй сая хүн бусад хотууд руу зорчдог аж. Харин энэ жилийн хувьд нислэгүүд цуцлагдаж байгаатай холбоотойгоор тээвэр харилцааны асуудал хүндрэх шинжтэй байна.
Э. Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ