
Хүчтэй, нягтралтай дээд засаглал, улс төрийн ангийн хүчин чадал, түүний нэгдэл, үр нөлөөтэй шийдвэр гаргаж, үүнийгээ түргэн хэрэгжүүлэх чадвар бол энэ жил аливаа орны эдийн засгийн амжилт олох гол нөхцөл мөн. Лондоны Ситийн брокеруудын нэг Жереми Лайон ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Энэ он улс төрийн бодлогоор бүрэн тодорхойлогдох болно. Дэлхийн тэргүүлэх улс төрчид ямар шийдвэр гаргахаас дэлхийн хувь заяа хамаарна” гэж америкийн нэрт эдийн засагч Нуриэль Рубини мөн тэмдэглэсэн байна
Маш ноцтой асуудлууд, түүний дотор Ойрхи Дорнод, Африкийн умард нутаг, Персийн булангийн ирээдүйн байдал олон улсын тавцанд тулгамдсан шинжтэй болж байна. Энэ байдлыг улс төрийн элитүүд л шийдвэрлэж чадна. Энэ утгаар 2013 он улс төрийн бодлогын “дагавар хүүхэд” байх болно” гэж тэр дурджээ.
“Улс төрийн эрсдэл” гэсэн холбоо үг эдийн засгийн нэр томъёонд нэгэнт орлоо гэж америкийн дүн шинжилгээ, консалтингийн “Евразия” группийн ерөнхийлөгч Иэн Бреммер тэмдэглэсэн байна.
“Санхүүгийн тасалдал”, евро-гийн бүсийн хямрал, Хятадын хөгжил дэвшлээс мөнгө олох бизнес, Ойрхи Дорнодын хэрэг явдлын уршигаас хамгаалах боломж зэрэг хаашаа ч харсан, газар сайгүй улс төрийн бодлого зах зээлээс давамгайлж байна. Геоэкономик эдүгээ дайн, энх, хөгжлийн асуудалд геополитиктай хаяаа дэрлэн оршиж байна” гэж тэр онцлон тэмдэглэжээ.
“2013 оны туршид улс төрийн бодлого, эдийн засгийн харилцан хамаарал улс төрийн бодлогод ашигтайгаар идэвхижинэ. АНУ, Хятад, Египет, Герман, Грек зэрэг оронд эдийн засаг улс төрчдийн мэдэлд орно” гэж америкийн хөрөнгө оруулалтын PIMCO гэдэг томоохон сангийн удирдагчдын нэг Мохаммед Эль-Эриан үзэж байна.
Тэр АНУ-ын ирээдүйг дүгнэхдээ, америкийн бодлого эдийн засагт шаардлагатай нэмэлт түлхэц өгөхгүй гэдгийг цохон заажээ. Ингэснээр эдийн засгийн өсөлтийн хурдац буурна гэж санхүүч онцлон дурдсан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ