60 метрийн өндөрт татсан татлага дээгүүр хамгаалалтгүй явжээ

img

Америкийн үе залгамжилсан  канатаар явагч Ник Валленда өнгөрсөн мягмар гаригт ээлжит  үзүүлбэрээ үзүүлэв. Циркийн алдартай жүжигчдийн долоо дахь үеийн төлөөлөгч “Нисдэг Валленда”  америкийн Сарасота хотын (Флорида муж улс)  автын зам дээгүүр 60 метрийн өндөрт татсан татлага дээгүүр гартаа  урт мод барин, ямар ч хамгаалалтгүйгээр явжээ. Барилгын  кран болон тэнгэр баганадсан өндөр байшин хооронд татсан ган татлага дээгүүр хийсэн “зугаалга” 15 минут орчим үргэлжилсэн  байна. Сарасота хотын уугуул түүний  өөрийнх нь хэлснээр,  тросыг савлуулж байсан хүчтэй салхи л  хамгийн их саад болж байжээ. Түүний энэ үзүүлбэрийг Сарасота хотын наран шарлагын газар, гудамж, талбай, түүнчилэн завь, хөлөг онгоцуудаас олон мянган хүн ажиглан харжээ.  Үзүүлбэр  үзүүлэх үед цагдаа нар хотын эргийн дагуухи хөл  хөдөлгөөн ихтэй замын хөдөлгөөнийг хаасан байна. “Энэ бол гайхалтай “зугаалга” байлаа. Ийм өндрөөс  орчин тойрон маш гоё харагдаж байсан” гэж  хоёр ойтойгоосоо канатаар явж эхлэсэн 34 настай Валленда ярьжээ. Тэр Гиннессийн номд орсон зургаан дээд амжилт тогтоож, түүний дотор канат дээгүүр ямар ч хамгаалалтгүйгээр унадаг дугуйгаар хамгийн их зай туулсан байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Валленда АНУ-ын зүүн эргийн алдарт Антлантик-Ситийн наран шарлагын газрын дээгүүр 30 метрийн өндөрт татсан татлага дээгүүр явсан юм. Харин 2012 оны зургаадугаар сард оволзон эргэлдэх Ниагарын хүрхрээн дээгүүр түүний канатаар явахыг олон сая хүн телевизээр харсан билээ. Ийм үзүүлбэрийг 100 гаруй жилийн өмнө сүүлчийн удаа үзүүлжээ. Акробатчны үзүүлбэрийг шууд нэвтрүүлсэн телевизийн Эй-би-си сувгийн шаардсанаар Валленда  үзүүлбэрийг хамгаалалттай хийхийг амьдралдаа анх удаа зөвшөөрөхөд  хүрсэн байна. Ойрын үед Валленда дэлхийн хамгийн гүн хавцлын нэг болох америкийн Аризона муж улсын Грандын хавцал дээгүүр тросоор явахаар төлөвлөж байгаа ажээ. Өнөөг хүртэл хэн ч ийм үзүүлбэр үзүүлж байгаагүй юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hamgaalttail baishdee .bienees holbootoi uya tatlagtain holbogdson bgaa bizdee uuniig hamgaalalt gediin
2013-01-30