
Онцгой байдлын ерөнхий газрын улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 47 Аврах, гал унтраах ангиуд 2013 оны эхний нэгдүгээр сарын байдлаар 161 удаагийн гал түймрийн голомт дээр ажиллаж, 109 эрдэнэт хүний амь бие, төр, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 3,3 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгө, 132 барилга, байшинг авран хамгаалах үйл ажиллагаа явуулсан байна.
Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал, Зүүнбүрэн сумд, Төв аймгийн Баян, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум болон Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт бага насны гурван хүүхэд, гурван том хүн түймэрт өртөн амь насаа алдаж, дөрвөн хүн түлэгдэж гэмтжээ. Гарсан гал түймэр нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, хэлхээнд хэт ачаалал зэргээс үүдсэн аж.
Эдгээр ахуйн орчинд гарсан гал түймэрт өндөр настай, өвчтэй, өөрийгөө авран хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд амь насаа алдах тохиолдол эрс ихсэх хандлагатай байна. Иймд иргэд та бүхнийг гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж аюулгүй амьдрахыг хүсч дараах зөвлөмжийг өгч байна.
-Пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх
-Шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байх
-Асрамжид байдаг өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
-Төслөөр хэрэгжиж байгаа пийшин зуухны галлагааны зарчмыг мөрдөх
-Халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах
-Хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох
-Эзэнгүй гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ