
Африкийн Мали улсыг исламын босогчдоос чөлөөлөх Франц, болон тус улсын хамтарсан цэргийн ажиллагаанд Их Британи улс 330 цэргээ илгээн, дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Их Британийн албаны талаас ирүүлж буй мэдээллээр дээр дурдсан тооны цэргүүд Мали дахь цэргийн ажиллагаанд биечлэн оролцохгүй бөгөөд голдуу бусад улсын цэргүүдийг дадлагажуулж, бэлтгэх үүрэг хүлээх ажээ. Их Британийн армийн цэргийн 40 зөвлөх Мали дахь цэргүүдийг дадлагажуулах бол 200 орчим цэрэг бусад Баруун Африкийн орнуудын цэргүүдийг дадлагажуулж, үлдсэн 90 цэрэг нь агаараас цохилт өгөх багийнхантай хамтран ажиллах гэнэ.
Малийн ихэнхи хэсгийг эзлээд буй исламын босогчдыг дарах Францаар толгойлуулсан хамтарсан армийн цэргүүд эхний ээлжинд Тимбукту, Гао хотуудыг босогчдоос чөлөөлөөд байгаа билээ. Олон улсын зүгээс Малид цэргийн хүчээр дэмжлэг үзүүлэхээс гадна цэргийн ажиллагаанд зориулан 455 гаруй сая ам.долларын зээл тусламж үзүүлээд байгаа юм байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ