
Ховд аймагт усалгаатай тариалан, усны менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг төлөөлж, Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг төлөөлж, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, нөгөө талаас Швейцарийн хөгжлийн агентлагийг төлөөлж, Феликс Феллман нар хамтран ажиллах, харилцан ойлголцлын Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Талууд “Баруун бүсийн усалгаатай тариалан, усны нөөцийн менежментийг дэмжих” техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төслийн баримт бичгийг энэ оны эхний зургаан сард хамтран боловсруулах аж. Төслийн төлөвлөлтийн явцад хамтын ажиллагааны арга хэлбэр, Засгийн газар болон Швейцарийн хөгжлийн агентлагаас шаардагдах санхүүжилтийн хэрэгцээг хамтран тодорхойлж, төслийн стратегийн ач холбогдол бүхий үр нөлөө, үр дүн, үндсэн үйл ажиллагаа, хамрагдах бүс нутаг, услалтын системийн байршлыг тогтоох юм байна. Харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан үйл ажиллагааг талууд энэ оны есдүгээр сарын 30-ныг дуустал хугацаанд хэрэгжүүлэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ