
НҮБ-ын гишүүн, донор орнууд Сирийн иргэний дайны хөлд үрэгдэж байгаа энгийн номхон иргэдэд тусламж болгон 1.5 тэрбум ам.долларын хандив тусламж үзүүлэхээр боллоо. Одоогоор 700 мянга орчим Сирийн иргэд хөрш зэргэлдээ орнууддаа дүрвэн гарсан байгаа. Тэдгээрийн 224 мянга нь Йорданд байгаа бол 230 мянга нь Ливанд, 16 мянга гаруй иргэд Турк дахь дүрвэгсдийн хуаранд амьдарч байна.
Дүрвэгсдэд туслах энэ ажлыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ерөнхийд нь удирдан явуулж байгаа юм. Тэрбээр энэ ажлын зэрэгцээ Сирийн засгийн газарт болон сөрөг хүчнийхэнд хандан “Хэдийгээр дайн тулаан болж байгаа ч гэсэн хүнлэг энэрэнгүй байхыг санагтун” хэмээн уриалжээ. Уржигдар л гэхэд Аллепо хотын ус зайлуулах хоолойноос 80 гаруй залуусын цогцос олдсон тухай олон нийтэд цацагдсан. Энэ хэргээс үүдэн ийнхүү санамж өгчээ.
Хандив туслажийн цуваа удахгүй дүрвэгсдийн хуаранг зорино. Ингэхдээ хоол хүнс хувцас хунар гэх мэт нэн түрүүнд шаардлагатай байгаа зүйлүүдийг хүргэх юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард мөн 1.5 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Тэрхүү хөрөнгийг өнөөг хүртэл дүрвэгсдийн хэрэгцээт хүнс болон бусад зүйлст зарцуулж байсан. Сирийн иргэний дайн үргэлжилсээр байвал дүрвэгсдийн тоо цаашдаа илүү өсөх хандлагатай байгааг олон улсын ажиглагчид хэлж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ