
Цөмийн энергийн газраас өнгөрсөн жилээс эхлэн хилээр нэвтэрч буй япон автомашин болон сэлбэг хэрэгсэлд цацрагийн бохирдол илрүүлэх анхан шатны хэмжилт хийж эхэлсэн. Өнгөрсөн жилийн хувьд нийт 59 машинаас цацрагийн бохирдол илэрсэн байна. Харин энэ жилээс МХЕГ энэхүү хэмжилтийг хийж эхэлсэн бөгөөд он гарснаас хойш нэг машинаас цацрагийн бохирдол илэрчээ. Япон улсаас импортлож буй автомашин болон сэлбэг хэрэгсэлд цацрагийн бохирдлын хэмжилтийг хийсээр байна.
Гаалийнхны хийх ажлыг Мэргэжлийн хяналтынхан хожуу хойно нь ухаарч хийж байх жишээний. Миний санаж байгаагаар гаалийн агуулахад Японы газар хөдлөлтийн хор уршиг болсон цацрагийн бодисын бохирдолтой машин 10 гаруй хураагдаж, Япон руу буцаах гэж байгаа хэмээн битүүмжлэгдсэн байсан. Гэтэл 10 машиныг гаалийнхан нүд алдалгүй манаж байх зуур Японоос өчнөөн олноороо цацрагийн бодистой машинууд ороод ирчихсэн хотын замаар хөлхөж байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хил дээр шалгаагүй машинуудыг гэнэт л цацрагийн бодистой байна хэмээн яг одоо шуугиж байх юм. Хоёр жилийн өмнөх газар хөдлөлтийнхөө талаар япончууд бараг мартчихсан байхад монголчууд одоо сандралдаж, цацрагийн наалдацтай, бодистой машинуудаа үзэж, шалгаж эхлэх юм.
Манай улсын хилээр нэвтэрч буй бодис, бараа, бүтээгдэхүүний цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтран ажиллах журмыг баталж, журам нь энэ сараас эхлэн хэрэгжиж байгаа юм байх. Хамтран ажиллах үйл ажиллагааны журмыг баталсантай холбогдуулан Япон улсаас импортлож буй автомашин болон автомашины сэлбэг хэрэгсэлд энэ сарын 04-нөөс эхлэн МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газар хариуцан цацрагийн бохирдол илрүүлэх анхан шатны хэмжилтийг хийж эхэлжээ.
Ёстой л нэг гаалийнхан юу ч шалгадаггүйн балаг ийнхүү гарч байгаа юм. Өнгөрсөн онд нийт 33406 автомашинд хяналт шалгалт хийснээс 59 машинаас цацрагийн бохирдол илэрсэн байна. Он гарснаас хойш 300-д машин орж ирсэнээс нэг машинаас цацрагийн бохирдол илэрчээ. Цацрагийн бохирдол илэрсэн тохиолдолд Цөмийн энергийн газар болон Онцгой байдлын ерөнхий газарт нарийвчлан хянаж, бохирдлыг ариутгах арга хэмжээг авдаг гэнэ.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ