
Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” -ийн хүрээнд Хөдөлмөрийн төв бирж дээр ажил хайгчдыг бүртгэх, ажил олгогчидтой зуучлан ярилцлага хийх ажлыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн төв биржэд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй 4000 орчим иргэн, ажил олгогчдоос 3978 ажлын байрны захиалга бүртгүүлсэн бөгөөд үүнээс ажил олгогчидтой ярилцлага хийсний үндсэн дээр одоогийн байдлаар 1420 ажил хайгч ажил олгогчидтой гэрээ хийж, мэргэжлийн сургалтанд хамрагдахаар болжээ.
Тэд нийслэл хотод 15, хөдөө орон нутагт 25 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 40 мэргэжлээр суралцаж, эхний хоёр сарыг танхимд, үлдсэн гурван сарыг ажил олгогчын компанид дадлага хийх хэлбэрээр суралцах юм байна. Энэ хугацаанд суралцагч бүр 140.400 төгрөгийн цалин авахын зэрэгцээ Нийгмийн даатгалд хамрагдах боломжтой аж.
Сургалт маргааш албан ёсоор эхлэх бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, дэд сайд Ж.Батхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг болон албаны хүмүүс оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ