Дархан хотод 21 аймгийн ахмадууд чуулж байна
Дархан-Уул аймгийн Дархан хотын “Залуучууд” театрт яг одоо “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөн болж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөнд оролцохоор 21 аймгаас ахмад настнуудын төлөөлөл хүрэлцэн иржээ. Дархан хотын дунд сургуулийн сурагчид улаан бүч, малгайгаар ижилсэн ахмад настнууддаа мэндчилгээ дэвшүүлснээр зөвлөгөөнийг эхлүүллээ.
Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга 0Б.Отгонжаргал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Ерөнхий сайдын зөвлөх, Кёкүшюзан Д.Батбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавелла, Дархан-уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан, Нийгмйин даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, Хадгаламж банкны дэд захирал Б.Наранхүү, Монголын ахмадын чөлөөлт холбооны тэргүүн Ц.Сүхбаатар болон холбогдох албаныхан оролцож байна.
Зөвлөгөөнд оролцогчид ахмад настнуудын нийгмийн байдал, мөн хүн амын хөгжлийн цогц бодлогын асуудлаар санал солилцох бөгөөд бүтэн өдөр үргэлжлэх уулзалтын дүнд ХАНХЯ-ны цаашид авах арга хэмжээ тодорхой болох юм байна.
Дашрамд дуулгахад, тус яамны зүгээс Монгол Улсын хөгжлийн гол тулгуур нь хүн гэдгийг чухалчилж, иргэдийнхээ нийгмийн болон хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдэх зорилготой цуврал зөвлөгөөнүүдийг зохион байгуулж буй. Өнөөдөр Дархан-Уул аймагт зохиогдож буй зөвлөгөөн нь хөгжлийн зөв бодлогыг тодорхойлох уулзалтуудын нэг аж.
П.Наран






СЭТГЭГДЭЛ БИЧИХ