
Пакистаны хүний эрх хамгаалагч охин – 15 настай Малала Юсуфазид 2013 оны Нобелийн энх тайвны шагнал олгуулахаар нэрийг нь дэвшүүлэв. Пүрэв гаригт Норвегийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тус орны парламент болох стортингийн хэсэг депутат Юсуфазийн нэрийг дэвшүүлж буйгаа Нобелийн хороонд мэдэгджээ.
“Малала боловсрол олж авах охидын эрхийг хамгаалан, үнэхээрийн их зориг гаргасан учир, энэ хүндтэй шагналыг авах ёстой хэмээн бид үзэж байна” гэж санаачлага гаргагчдын нэг, Ажилчны намын депутат Фредди де Руйтер мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сард охины амь насанд халдсан юм.
2009 онд Би-би-си радиостанцын дэлхийн мэдээний албаны сайтад “Пакистаны сурагч охины өдрийн тэмдэглэл” нэртэй блог бий болж, зохиогч нь тэр үед засгийн газрын цэрэг болон лалынхны хооронд зэвсэгт мөргөлдөөн болж байсан Сват тойргийн нэг сургуулийн хичээл, өөрийн амьдралын тухай бичиж байжээ. “Талибан” хөдөлгөөнийхөн охидыг боловсрол олж авахыг хориглож байсан байна.
Яваанда охин улам нэр хүндтэй болж, өрнөдийн хэвлэлд ярилцлага өгч, хэд хэдэн баримтат киноны баатар болж, нутгийн хүүхдийн эрхийн комиссын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох байжээ. Тийнхүү өнгөрсөн оны сүүлчээр 15 настай охины сууж явсан автобусыг буудаж, үүний улмаас тэр толгой, хүзүүндээ шархаджээ. Гэвч охин амьд гарсан юм. Эхлээд пакистаны мэдрэлийн мэс засалчид охинд мэс засал хийж, дараа нь түүнийг Их Британид аваачиж, эмчилгээг үргэлжлүүлжээ. Нэгдүгээр сард тэр эмнэлгээс гарсан ч, охинд бас хэд хэдэн удаа мэс засал хийх хэрэгтэй болж байна. Британийн эмч нар охины гэмтсэн гавлын ясны оронд металл ялтас суулгах юм. Удаан хугацаагаар нөхөн сэргээх эмчилгээ хийсний дараа сонсголыг нь зарим талаар сэргээж болох бөгөөд үүний тулд бас өөр мэс засал хийх ёстой ажээ.
Өнгөрсөн сарын эхээр Юсуфази эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдэд олгодог Симона де Бовуарын шагнал хүртсэн бөгөөд Нобелийн энх тайвны шагналтан болох бүхий л боломжтой гэдгийг тэмдэглэж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ