
Мексикийн газрын тосны “Pemex” компанийн удирдлагын төв байрладаг 54 давхар “Pemex Executive Tower” барилгын “B2” давхарт дэлбэрэлт болж 14 хүн амь насаа алдсан хэрэг гарчээ. Мөн 80 гаруй хүн гэмтэж шархтсан аж. Түүнчлэн бусад олон тооны хүн барилгын нурангид даруулсан байна.
Одоо Мексикийн албаныхан барилгын нурангид даруулсан хүмүүсийг эрж хайх ажлыг эхлүүлээд байна. Нурангид даруулсан хүмүүсийг хайхад туслах үүднээс хохирогчдын ар гэрийнхэн болон хамт ажиллагсад нь тэдний гар утас руу залгаж эрлийн ажиллагаанд хамтран оролцож байгаа юм.
Мексикийн цагдаа нар барилгыг бүхэлд нь бүслэлтэд авч дэлбэрэлтйн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Гэхдээ одоогоор ослын талаарх ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Харин компанийн зарим ажилчид дэлбэрэлтийн шалтгааныг эрчим хүчний доголдлоос үүдэлтэй байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа. Учир нь хэд хоногийн өмнөөс барилгын цахилгаанд үе үе доголдол үүсэх болсон аж. Гэрчүүдийн яриагаар барилгад дэлбэрэлт болох чимээ гарсны дараа гэрэл, цахилгаан тасарсан бөгөөд хаа сайгүй барилгын үйрмэг тарсан байжээ.
“Pemex Executive Tower” нь Мексикийн нийслэл Мехико хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны дүүрэгт оршдог бөгөөд 214 метр өндөр уг барилгад олон зуун хүн ажил, үйлчилгээ явуулдаг юм байна. Энэ явдлаас таван сарын өмнө Мексикийн Рейносо хотод орших “Pemex” компанийн хийн үйлдвэрт дэлбэрэлт болсноор 30 хүн амь үрэгдэж байсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ