Ким Чен Ун улс оронд дайны цагийн байдал тогтоож, Өмнөд Солонгосын эсрэг байлдааны ажиллагаа явуулахад бэлтгэхийг тушаажээ.
БНАСАУ-ын төрийн тэргүүн цөмийн зэвсэг туршиж, атомын бөмбөг дэлбэлэх тухай нууц захирамжид гарын үсэг зурсан байна. Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонинд ингэж бичжээ.
Сонин Өмнөд Солонгосын тусгай албаны нэрээ хэлэхийг хүсээгүй төлөөлөгчийн ярьсныг иш татсан байна. Үүнээс гадна, Ким Чен Ун улс орныг дайны цагийн байдалд шилжүүлэх захирамж өгсөнийг мэдээлж байна. “Улс оронд нэгдүгээр сарын 29-ний шөнө дундаас эхлэн дайны цагийн байдалд орох бөгөөд фронтын шугам болон төвийн нутаг дахь бүх анги дайнд бэлэн байх ёстой” гэж дээрх хүний хэлснийг сонинд дурджээ.
Умард Солонгосын тэргүүн зэвсэгт хүчний дээд командлалын бүрэлдэхүүний төлөөлөгчидтэй яаралтай зөвлөгөөн хийснийг БНАСАУ-ын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бас мэдээлсэн байна. Зөвлөгөөний үеэр зургаан тушаал, түүний дотор цөмийн туршилт хийх тухай тушаалд гарын үсэг зуржээ.
Үүнээс гадна, цөмийн туршилтыг хэвлэлд бичиж байснаас наана хийнэ гэж учрыг мэдэх хүн хэлсэн байна. Тухайлбал, туршилтыг удирдагч асан Ким Чен Ирийн төрсөн хоёрдугаар сарын 16, үгүй бол Пак Кын Хе-г БНСУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх хоёрдугаар сарын 25-нд хийнэ гэж хувилбарыг ч дурдаж байна.
Нэгдүгээр сарын 30-ны лхагва гаригт Пунгерийн туршилтын талбайн хавьд хөл хөдөлгөөн ихэссэнийг Өмнөд Солонгосын засгийн газрын өөр нэг төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ. “Умардын тал хэзээ ч хамаагүй цөмийн туршилт хийх бэлтгэлээ базааж байна хэмээн бид үзэж байгаа” гэж тэр төлөөлөгч хэлжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ