
Төрийн тусгай хамгаалалтай газар буюу Хустайн нуруунд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын дунд үеэр 13 бугыг хууль бусаар нууцаар агнасан хэрэг гарсан билээ. Өмнө ч тус газар 22 буга хууль бусаар агнаж байсан хэргийн эзэн холбогдогчийг олоогүй. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаад хавтаст хэргийг түр түдгэлзүүлээд байв. Тэгвэл уг хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтсээс ЦЕГ-ын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулан УМБГ-т татаж шалгахын үүрэг болгосон юм.
Ийнхүү УМБГ-т шалгаснаар хууль бусаар ан агнуур агнаж, эд эрхтэнийг нь худалдан авдаг, нуун дарагдуулдаг, хилээр гаргадаг бүлэглэлийг илрүүлсэн байдаг. Ингэснээр 11 холбогдогчтой дөрвөн хавтаст хэргийг шалгаж дуусаад нэг нь оны өмнө шүүхээр шийдэгдсэн бол хоёр хавтаст хэрэг нь прокурорын шатанд, үлдсэн нэг нь мөрдөн байцаалтын шатанд байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.
Эдгээр бүлэглэл дотор Хустайн нуруунд дахь арван гурван бугыг хууль бусаар агнасан нөхдүүд ч байгаа аж. Цайз зах дээр ангийн эд эрхтэн авдаг, зардаг бүлэглэлийг илрүүлсэн бол хууль бусаар ан хийдэг этгээдүүдийг Хэнтий, Хөвсгөлийн тайгаас илрүүлжээ. Харин одоогоор ангийн бууны сум бэлтгэдэг, эд эрхтэнийг нь бэлтгэн нуун дарагдуулдаг бүлэглэлийн толгойлогчийг нь барьж мэдүүлэг авч байгаа юм билээ. Дээрх алагдсан 13 буга дотор янзгалах дөхсөн согоог алж савыг нь хүртэл авсан байдаг.
Хэрэг үйлдэх үедээ шөнийн цагаар хамгаалалтын бүсээс тууж гаргаад мотоциклийн гэрэл тусган буудсан байдаг. Мөрдөн байцаагч нар бугын сүүл 86, цусан эвэр 64, чив 12, ясан эвэр 2.5 тонн, хүдрийн заар 10, хүрэн баавгай савар 28, баавгай арьс хоёр, шилүүсний толгой зургаа, арьс гурав, идлэг шонхор долоог хууль бусаар агнасныг илрүүлэн шалгажээ. Манайд буга агнах тусгай зөвшөөрөл байдаггүй учир дээрх бүлэг этгээдүүд нууцаар орон нутаг дамнаж хөвчийн тайгаас ч буга агнадаг байснаа хүлээн зөвшөөрчээ. Харин улсын хилээр хэрхэн гаргаж, ямар хэмжээний ашиг олсноо хэлэхгүй байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ