
Маш их ашиг тустай, мэргэжилтнүүдийн уухыг зөвлөдөг ундаа гэж ногоон цайны тухай ярьдаг. Энэ цайг урт наслах, залуу насаа хадгалах, бие сайн байхтай холбон тайлбарладаг болсон билээ. Гэтэл ногоон цайнд бидний бие махбодид сөргөөр нөлөөлдөг бодисууд агуулагддагийг судалгаагаар баталжээ.
Испани улсад хийсэн судалгааны дүнгээс үзвэл, хэрвээ ногоон цай аюулгүй юмаа гэхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд их хэмжээгээр уух нь тун хүсүүштэй зүйл биш аж. Өдөр бүр хоёр юмуу үүнээс илүү аяга ногоон цай уух нь ургийн зөв өсөлтөд зайшгүй шаардлагатай фолиевийн хүчлийг шингээх чадварыг бууруулдаг байна.
Ногоон цайнд дурлах нь зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүдэд аюултай төдий биш гэнэ. Цус багадах эрсдлийг ихэсгэн, бие махбодид төмрийн хомсдол үүсэхийг өдөөдөг полифенолийн нэгдлүүдийг нэлээд хэдэн жилийн өмнө америкийн эрдэмтэд ногоон цайны найрлагаас илрүүлжээ. Бие махбодид полифенол хуримтлагдахад элэг муудах магадлал ихэсгэдгийг саяхан Нью-Жерсийн их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа үеэр нотолсон байна.
Эдгээр судалгаа нь ногоон цай бие махбодид ашигтай гэсэн өмнөх нотолгоог хүчингүй болгохгүй ч, бүх юм хэмжээтэй бол сайн гэдгийг бас дахин нотолж байна. Тиймээс ногоон цайг ч хэтрүүлэх хэрэггүй, өдөрт хоёр аяга л ногоон цай уух нь бие махбодид хоргүй гэнэ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ