Дэлхий дахины өнгөрсөн долоо хоногийн тойм
Дэлхий дахинд болж өнгөрсөн мэдээ мэдээллүүдээс олны анхаарлын төвд байсан сэдвүүдээс тоймлон бэлтгэлээ. Нэн түрүүнд дэлхийн их гүрэн АНУ-д өрнөсөн хамгийн чухал үйл явдал бол цагаачлалын асуудалтай холбоотойгоор эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх гэж байгаа тухай мэдээлэл байлаа. Энэ асуудлаар 11 сая хүний хувь заяа шийдэгдэх юм. Тэдний дунд бидний нутаг нэгт олон хүмүүсийн асуудал ч хамааралтай. Шинэчлэлийн бодлогыг ирэх зунаас ажил хэрэг болж эхүүлэхээр зэхэж байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоног болж өнгөрсөн бас нэгэн чухал үйл явдлын нэг нь Өмнөд Солонгос улс пуужин хөөргөсөн явдал байв. Пуужингийн асуудал нэн ойрын хугацаанд нэлээд анхаарал татаж байгаа хоёр Солонгосын харилцааг нэрлэж байна.
АНУ цагаачлалын эрс шинэчлэл хийнэ
АНУ-д эрх чөлөөтэй, хүнлэг энэрэнгүй нийгэм, хөгжил дэвшилтэй, амар тайван амьдрал буюу америк мөрөөдөл өвөртөлсөн 11 сая гаруй бичиг баримтгүй цагаач иргэд амьдарч байна. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн томоохон амлалтуудын нэг бол цагаачлалын асуудлыг шийдэх байсан. Тиймээс энэ амлалтдаа хүрэхээр АНУ-ын сенатчид болон ерөнхийлөгч Барак Обамагийн баг цагаачлалын эрс шинэчлэл хийх их ажлын эхлүүлэхээр зэхэж байна. Энэ ажлын хүрээнд сенатын есөн гишүүн төсөл боловсруулан удахгүй ерөнхийлөгч Барак Обамад танилцуулна. Ингэснээр цагаачлалын шинэчлэлийг ирэх зунаас хэрэгжүүлж эхлэх юм. Шинэчлэлийн хүрээнд мэдээж хэрэг одоо АНУ-д оршин суугаа цагаач иргэдэд ээлээ өгнө гэсэн найдвар байгаа. 2005 оноос өмнө АНУ-д суурьшсан цагаач иргэдэд байнгын оршин суух үнэмлэх олгохоор болсон. Ингэснээр цагаач иргэд хоёр улсынхаа хооронд хууль ёсны дагуу ирж очиж байх боломжтой болох юм. Нэг үгээр хэлбэл одоо байгаа буюу 2005 оноос өмнө АНУ-д амьдарч байгаа иргэдэд ногоон карттай дүйцэхүйц эрх бүхий карт олгохоор болж байгаа аж.
Египетийн сөрөг хүчин эрх баригчидтай хэлэлцээ хийхээс татгалзав
Египетийн сөрөг хүчний Улс үндсээ аврах фронт ерөнхийлөгч Мухаммед Мурситэй яриа хэлэлцээ хийхээс татгалзжээ. Тус эвслийн яаралтай хуралдааны дүнгийн талаар гаргасан мэдэгдэлд “Египетийн гудамж, талбайд цус урсаж байгаагийн бүх хариуцлагыг төрийн тэргүүн хүлээх ёстой” гэж дурдсан байна.Улс үндсээ аврах фронтын удирдагчид “Лалын ахан дүүс”-ийнхний харгис дэглэм, жанжлалыг эцэс болгохыг ард түмэнд уриалсныг дэмжиж байгаагаа бас албан ёсоор мэдэгдэж байна.
Үүнээс гадна, өнгөрсөн баасан гаригт ерөнхийлөгчийн ордны дэргэд болсон хэрэг явдлын дараа тус фронтын удирдагчдын нэг Мухаммед Самийн мэдэгдсэнээр, улс төрийн бусад хүчний хамт саяхан гарын үсэг зурсан “Аль-Азхарын харти бичиг” гаргахаар шийдвэрлэсэн байна.
Өмнөд Солонгос пуужин харвав
Өнгөрөгч долоо хоногийн онцгой мэдээ мэдээллүүдийн нэг бол яах аргагүй Өмнөд Солонгосын тал гурав дахь пуужингаа хөөргөсан явдал байлаа. KSLV-1 хэмээх энэхүү пуужинг “Наро” сансрын агентлагаас өнгөрсөн лхагва гаригт орон нутгийн цагаар 16 цагт хөөрсөн. Тус пуужин нь 140 тонн жинтэй Орост үйлдвэрлэгдсэн аж. Пуужин хөөргөсөн өдөр цаг агаар тийм ч тогтвортой, тааламжтай биш байсан хэдий ч эрдэмтэд үл ажран орлдлогоо амжилттай хийж чадсан. Харин маргааш нь хөөргөсөн пуужин сансрын тойрог замд орж чадсан юм.
Одоогоос сар гаруйн өмнөхөн Хойд Солонгос пуужин хөөргөж хиймэл дагуулаа сансрын тойрог замд байрлуулсан. Үүний зарим улсууд цөмийн туршилт байсан хэмээн үзэж байгаа. Харин Хойд Солонгосын тал жинхэнэ цөмийн зэвсэг туршихаа саяхан мэдэгдсэн. Тэрхүү туршилт нь АНУ-ыг чиглэж байгаа. Хэдийгээр цөмийн зэвсэг туршихгүй байх гэсэн итгэлтэй байгаа ч үүсээд байгаа эгзэгтэй байдлын улмаас Хойд Солонгосыг ажиглахаар япончууд хоёр хоногийн өмнө сайжруулсан, өндөр технологийн хиймэл дагуул хөөргөсөн. Өмнөдүүдийн энэхүүү пуужин ч мөн адил Умардынхныг ажиглах зориулалттай хиймэл дагуул байна хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.
Австралийн үерийн хохирол 200 сая ам.доллараас давжээ
Австралийн зүүн хэсгийн нутгууд хүчтэй аадар бороо, циклон хар салхи шуурсны улмаас их хэмжээний үер буусан. Хатан хааны арал болон бусад хэд хэдэн томоохон хотууд үеийн аюулд автаж байдлыг нэлээд хүндрүүлж буй. Харин долоо хоногийн сүүлээр цаг агаар сайжирч үерт автсан айлууд болон гудамж талбайг цэвэрлэж эхэлжээ. Ингэхдэээ үерийн улмаас учирсан хохирлыг тооцож үзээд 200 сая ам.доллараас давсан байгааг хэлж байна. Даатгалын компаниудын ярьж буйгаар үерт автсны маргаашаас л хүмүүс хохирлын хэмжээгээ тодорхойлуулахаар урт дараалал үүсгэсэн аж.
Үерт хамгийн ихээр автсан хэсэгт Бундбергийг нэрлэж байна. Тэндхийн голууд олон жилийн дунджаас давж үерийн дээд хэмжээнд хүрсэн аж. Австралид иймэрхүү ширүүн бороо өмнө нь орж байсан ч ийм хэмжээний хохирол учруулж байсангүй. Харин энэ удаад хар салхитай хавсарснаас ийнхүү их хэмжээний гарз хохирол учирсан аж.
Зулын гол болохыг ятгагсдад ял оноов
Хятадын дарангуйллыг эсэргүүцэн, эрх чөлөө, тусгаар тогтнолоо шаардсан түвдийн олон иргэд эсэргүүцлээ илэрхийлэх гол аргаар “зулын гол” болохыг сонгож байгаа. Энэ үйлдэл нь олон улсын анхаарлыг ихээр татаж, ихээхэн шүүмжлэл дагуулаад буй. Харин үүний эсрэг Хятадын Засгийн газраас өөрийгөө шатааж, эсэргүүцлээ илэрхийлэхээр төлөвлөж буй иргэдийн мэдээллийг өгөгчдөд их хэмжээний шагнал амласан. Харин өнгөрсөн долоо хоногт Хятадын Сычуань мужийн шүүхээс нэгэн түвд ламыг үеэлийнх нь хамтаар өөр найман хүнийг өөрийгөө шатаахад өдөөн хатгаж, албадсаны улмаас тэдний гурав нь амь үрэгдсэн хэмээн буруутган шүүж, санаатай алан хядлага үйлдсэн хэргээр хатуу ял оноожээ. Шүүхээс Кирти хийдийн түвд лам Лоранг Кончокад цаазаар авах ял оноосон бол түүний үеэл Лоранг Церингэд 10 жилийн хорих ял оноосон тухай Синьхуа агентлаг мэдээлсэн. Түүнчлэн шүүхээс тэднийг даруй баривчлаагүй бол өөр таван түвд хүнийг өдөөн хатгахаар төлөвлөж байсан хэмээн буруутгасан юм. Харин Түвдийн идэвхтнүүдийн зүгээс шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцэн, прокурорууд тэдэнд хүч хэрэглэн хэрэг хүлээлгэсэн гэж мэдэгдэж байгаа.
Бээжингийн утаа нислэгүүдийг цуцлахад хүрч байна
Хятадын зүүн хэсгийн хотууд болон нийслэл Бээжин хотын орчмыг бүрхсэн утаа ихсэж өнгөрсөн долоо хоногт 100 гаруй нислэг хойшилсон. Утааны хэмжээ ихсэж, харагдах орчин нэн хязгаарлагдсанаас 100 метрээс цааш орчин харагдахгүйд хүрсэн байна.Тиймээс Бээжин түр хугацаанд үйлдвэрүүдээ хаах, машинуудыг багасгах хүртэл арга хэмжээ авч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Бээжинд 103 томоохон үйлдвэр байгаа. Тэдгээр үйлдвэрүүдээс ялгарч буй утаа нь их хэмжээний хортой утаа ялгаруулж байгаа.
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэл Бээжин хотын агаарын бохирдол бусад хотуудтай харьцуулахад даруй 20 дахин их байгааг хэлжээ. Утаа ихтэй ийм агаараар амьсгалахад хүн нэг куб метр агаараас 526 микрограмм угаарын хий биедээ шингээдэг гэнэ.
Нислэг цуцлахтай холбоотойгоор бусад тээврийн хэрэгслүүдийн ачаалал нэлээд ихэсч байна. Учир нь Цагаан сарын баяр болж, хүмүүсийн айлчлал ихсэж байгаатай холбоотой юм. Цагаан сараар дунджаар арван гаруй сая хүн бусад хотууд руу зорчдог. Харин энэ жилийн хувьд нислэгүүд цуцлагдаж байгаатай холбоотойгоор тээвэр харилцааны асуудал хүндрэх шинжтэй байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ