
Өмнөговь аймгаас том даацын тэргээр Хятад руу нүүрс тээвэрлэдэг олон тооны компани бий. Тэдгээр компаниуд хөлсний жолооч ажилд авдаг боловч зарим нэг нь хуурамч жолооны үнэмлэхтэй, эсвэл жолооны зохих ангилал даруулаагүй байдгаас болж зам тээврийн осол аваар бараг өдөр бүр гардаг ажээ. Хуйларсан их шороо, тоосон дотор ар араасаа шилээ даган явах хүнд даацын машинууд манангийн гэрлээ асаасан ч урдах машинаа харах завдалгүй араас нь мөргөх явдал энүүхэнд болжээ.
Тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсон, амь насаа алдсан хүмүүсийн тоо ч өсөн нэмэгдсээр байна. Амьдралаа залгуулж арав, таван цаасны араас явж буй эдгээр жолооч нар үнэхээр амь эрсдсэн ажил хийж байгаа нь хэнд ч тодорхой. Гэвч нүүрс тээвэрлэх замыг засмалжуулахгүйгээс болж байгаль экологид ихээхэн сүйрэл гамшиг нүүрлэж, ойр хавийн айл амьтан хүртэл байхын аргагүй хүнд нөхцөл байдал үүссэн ч төр, засгаас төмөр замын өргөн, нарийн цариг тавих тухай ярьсаар өнөөдрийг хүрлээ.
Нүүрс тээвэрлэдэг нэгэн компанийн жолооч залуу урдаас орж ирсэн машиныхаа түлхүүрийг өгч явуулсан жолоочоосоо авч 30, 40 минутын дараа машиныг нь тавьсан гэх газар очтол ор сураггүй алга болсон байжээ. Энэ хэрэг явдал өнгөрсөн жилийн хавар гарсан бөгөөд одоо болтол 100 саяар үнэлэгдэх Nord Benz загварын хүнд даацын машин хаана байгаа нь мэдэгдэхгүй газрын гаваар орсон юм шиг алга болжээ. Тиймээс тухай компани гомдол гаргаж, тэрхүү машиныг хамгийн сүүлд жолоодож байсан жолооч болон машинаа бусдад дамжуулсан залуу хоёрт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна. Иймэрхүү том даацын машин ор сураггүй алга болсон хэрэг зөвхөн үүгээр зогсохгүй бөгөөд нэлээд хэдэн машин хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон аж. Тиймээс хоёр улсын хил дамнуулан хүнд даацын машин хулгайлдаг гэмт хэргийн бүлэглэл аль хэдийнэ бий болсныг энэхүү хэрэг явдал нотлон харуулж байна.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ