
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн шүүхээс ял сонссон. Д.Батхуягийн албан тушаалаа ашиглаж, улс эх орны аль л “өнгөтэй өөдтэй” гэсэн 107 ашигт малтмалын лицензүүдээр панз үсэргэж байсан хэрэг ийнхүү илэрч 2.6 жилийн ял сонсоод буй. Тэгвэл түүний хэрэгтэй холбоотойгоор “Саусгоби Сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал, АНУ-ын иргэн Жастин Каплаг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ. АТГ-аас чухам ямар үндэслэлээр түүнийг хилээр гарахыг ийн хориглосныг албан ёсоор зарлаагүй ч байдлаас үзэхэд ойлгомжтой юм. Учир нь АМГ-ын дарга асан Д.Батхуягийн үйлдсэн гэмт хэргийн томоохон бүрэлдэхүүн, шалтгаан нь дээрх “Саусгоби Сэндс” компанитай холбоотой билээ.
Д.Батхуяг нь “Саусгоби сэндс” ХХК-ийн ашиг сонирхолд нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дахь Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбай бүхий (42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй) ашигт малтмалын 5261Х тоот тусгай зөвшөөрлийг сэргээсэн. Энэ мэтчилэн Д.Батхуягийн хэрэгт голлон холбогдогч нь “Саусгоби Сэндс” учир тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жастин Каплаг хилээр гарахыг хоригложээ. Өмнө нь тус компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг мөнхүү хилээр гарахыг хориглож гэрчийн мэдүүлэг авч байсан ба оны өмнөхөн Австрали руу буцаасан.
Хэргийн учгийг нэхэн сануулахад Д.Батхуягийг шалгах үеэр нийтдээ тус компанитай холбоотойгоор 150 гаруй тэрбум төгрөгийн татварын өр, мөнгө угаах хэлбэрээр дарагдуулсан нь батлагдсан. Мөн үүний зэрэгцээ “Саусгоби сэндс” ХХК-ийн дансанд монгол төгрөгөөр зургаан их наяд орчим хэмжээний мөнгө Хонконгоос шилжүүлсэн байдаг. Гэтэл энэ толгой эргэм, бараг л Монгол Улсын маань жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө ганцхан жилийн дотор хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Энэ их мөнгө ямар зорилгоор хэний халаасанд орсон, хаашаа ямар дансанд шилжсэн бэ гэдгийг тодруулахад ноён Жастин Капла их үүрэг гүйцэтгэх юм. Тийм ч учраас сэжүүрийг нь барьж авсан манай хууль хяналтынхан Жастин Каплаг тийм ч амар тавиад явуулчихгүй болов уу.
"Саусгоби Сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Жастин Капла гэж хэн бэ. Тэрээр анх 2010 оны аравдугаар сараас Овоот толгойн ажиллагааг хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн юм байна. Хойд Америк, Монгол, Баруун Африкийн орнуудад 14 жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай канад эр 2003 оноос 2008 он хүртэл "Сентерра Гоулд"-ийн "Бороо Гоулд" төсөл дээр удирдах төвшний төрөл бүрийн ажил хийж байсан гэнэ. Мичиганы Технологийн их сургуульд металлургийн инженерийн бакалаврын зэрэг, Финиксийн их сургуульд олон улсын менежментийн магистрын зэрэг хамгаалсан байдаг.
Нэлээд олон оронд “элдвийн” туршлага хуримтлуулсан Жастин Каплад манай Д.Батхуяг шиг төрийн харцуулын толгойг эргүүлэх тун ч амархан байсан болов уу.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ